СЗХ: Зах зээлийн үнэлгээгээр “Топ-20” индексийн 38.8 хувийг банк санхүүгийн салбар эзэлж байна

2023-08-22 11:56:49

Энэ оны II улирлын байдлаар “Топ-20” индексэд багтах хувьцаат компаниудыг зах зээлийн үнэлгээгээр ангилахад дийлэнх буюу 39.4 хувийг аж үйлдвэрийн салбар эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт болсныг Санхүүгийн  зохицуулах хороо мэдээллээ.

Тайлант хугацаанд банк бус санхүүгийн салбарын компаниудынх өмнөх оны мөн үеэс 21.3 нэгж хувиар өсөж, 38.8 хувьд хүрсэн нь голлон нөлөөлсөн байна.

2022 оны үзүүлэлтээр “Топ-20” индексийн багцыг шинэчилж, "Голомт банк", "Төрийн банк", "Богд банк" болон "Сэндли ББСБ" ХК нэмэгдэн оржээ. Ингэснээр тус салбарын эзлэх хувь хэмжээ эрс өссөн байна.

Оны эхний хагас жилийн байдлаар “Топ-20”-ийн сагсыг “АПУ” ХК 1.3 их наяд төгрөгийн үнэлгээтэйгээр тэргүүлжээ. Мөн “Голомт банк” 699 тэрбум төгрөг, “Тавантолгой” ХК 678 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна.

Топ-20 индекс өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсөж, 36899.16 нэгжид хүрснийг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа.