Татварын шинэчлэл хийх гол зорилт нь татварын хуулийг тэгш , шударга хэрэгждэг болгох явдал юм

2015-09-24 09:58:07

Татварын эрх зүйн орчны шинэчлэлийн эхлэл болсон НӨАТ-ын тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Татварын орчинг бүхэлд нь цахим хэлбэрт шилжүүлснээр мөнгөн урсгалыг хянах, улмаар татвараас зайлсхийх, зугтах ойлголт үндсэндээ жигдрэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын босго 50 сая төгрөг болгож, татвар төлөгчид хоёр хувийн буцаан олголтын урамшуулал авах боломжтой болж байгаа юм. Энэ нь татвар төлөгчдийн дундах тэгш бус байдал арилж, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлнэ гэж Засгийн газраас үзжээ. Мөн Татварын тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байна. Тэрбээр эдийн засаг агшсан энэ үед компаниудын үйл ажиллагааг аль болох үргэлжлүүлэх, хүндрэлийг давах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь Татварын байгууллага үйл ажиллагааны чиглэлээ хандуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Нийт татварын орлогын 98 хувийг 7500 томоохон аж ахуйн нэгж бүрдүүлдэг бол 1.2 хувийг нь 65 мянган жижиг аж ахуйн нэгж бүрдүүлж байна. Хэдий тийм боловч энэ бүх компаниуд ижил загвараар татварын тайлангаа гаргаж байгаа нь Татварын тогтолцооны нэг гажиг гэж Ерөнхий сайд үзэж байгаа ажээ. Үүнээс гадна иргэдийн арилжааны банкин дахь хадгаламжийн хүүгийн орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль 2015 оноор дуусгавар болж байна. Өмнө нь хувь хүний орлогын албан татварын тухай хуульд мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш, нэг жил болон түүнээс бага хугацаатай эсвэл хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад тохиолдолд хүүгийн орлогыг татвараас чөлөөлж байсан юм. Өөрөөр хэлбэл 2016 оноос эхлэн банкны бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн албан татвар авах болж байна.