Инфляц энэ оны сүүлээр 8.7 хувь байх хүлээлттэй байна

2024-01-29 10:03:08

Инфляцын цаашдын төлөвт юуг онцлов?

Инфляц 2024-2025 оны эцэст 8.7 хувь, 7.7 хувьтай байх хүлээлттэй байна.

Энэ онд гадаад үнэ өсөх зэргээс шалтгаалан инфляцын буурах хурд удаашрах төлөвтэй болов. Тодруулбал, хүнсний инфляцын хувьд өмнөх оны өндөр өсөлттэй байсан суурь үеийн нөлөөгөөр буурахаар байна.  Хүнсний бус инфляц уул уурхайн бус салбарын идэвхжил, төсвийн зардлын тэлэлттэй холбоотойгоор өсөх хүлээлттэй байна.

2025 онд уул уурхайн бус салбарын идэвхжил суларч, дотоод эрэлт муудах, гадаад инфляц буурах зэргээс үүдэн инфляц саарч, Төв банкны зорилтын дээд интервал буюу 8 орчимд хэлбэлзэх хүлээлттэй байна.

Цаашид төсвийн зардал үргэлжлэн тэлж, импортыг урамшуулах, өрхийн орлого нэмэгдэж, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт нэмэгдэх, өвөлжилт хүндэрч байгаагаас махны нийлүүлэлт доголдох зэрэг нь инфляцын төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Монголбанк мэдээлэв.