Ломбардуудын зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоолоо

2024-01-29 10:04:26

Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоолоо. Тодруулбал мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоов. Тус зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоожээ.

Улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хэт өндөр хүүгийн төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлэх, хүртээмжтэй зээлийн үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үздэг.

Иймд мөнгөн зээлийн үйл ажиллагаандаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, хууль батлах замаар нарийвчилсан зохицуулалтуудыг хийх бодлогыг барьж байна. Зохицуулалтын ил тод байдал нь хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдвэр гаргалтыг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлдэг.

Манай орны хувьд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь тодорхой зохицуулалтгүй, салбарын нэгдсэн тоо баримт, бүртгэлгүй явж ирсэн нь өндөр хүү тогтоох, алданги торгууль давхардуулан тооцох зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн сөрөг үр дагавруудыг үүсгэсэн тул УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан.

Хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулж, тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах чиг үүргийг хүлээсэн.

Эх сурвалж: СЗХ