Төлбөрийн тэнцлийн эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулж байна

2015-09-01 20:01:32

Урсгал тэнцэл 410.2 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 69 хувиар буурчээ. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 12 дахин буюу 748.9 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 43 хувиар буюу 415.6 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.  

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 661.0 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 58 хувиар буюу 242.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнийг Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралтаар тайлбарлаж байна. Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 63 хувиар буюу 284.5 сая ам.доллараар буурсан байна.

Төлбөрийн тэнцэл гэж юу вэ?

Тодорхой хугацаанд тухайн улсаас бусад улстай хийсэн эдийн засгийн харилцааг нэгтгэн харуулдаг статистик тайланг хэлнэ. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл нь тодорхой хугацаанд оршин суугч болон оршин суугч бусын хооронд хийгдсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалыг харуулдаг.

Оршин суугч уу, оршин суугч бус уу гэдэг нь

Иргэний хувьд Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа хугацаанаас,
Аж ахуйн нэгжийн хувьд Монгол улсад оршин байрладаг эсэхээс хамааран тодорхойлогдоно.

Төлбөрийн тэнцэл нь

  • Урсгал тэнцэл,
  • Хөрөнгө ба Санхүүгийн тэнцэл,
  • Залруулга,
  • Нийт төлбөрийн тэнцэл
  • Цэвэр нөөцийн өөрчлөлт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Монголбанкны Төлбөрийн тэнцэл, судалгааны алба Монгол Улсын Төлбөрийн тэнцлийг улирал тутам гаргадаг юм.