ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЗАХИРГААНЫ АРГААР БУУРУУЛАХ НЬ ЭРСДЭЛТЭЙ

2015-11-13 12:43:36

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар 2016 оны мөнгөний бодлогын төсөлд зээлийн жилийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулах гэсэн заалтыг нэмж тусгах санал дэмжигдэж УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Гэхдээ макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр хангагдаагүй үед зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах гэж оролдвол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулж, нийт эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байгааг Монголбанкнаас онцоллоо. Нэг талаас захиргааны аргаар арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэсэн санал гарч дэмжигдсэн бол нөгөө талаас механикаар бууруулах арга хэмжээ авахад хүндрэлтэй гэсэн хоёр талын байр суурь явж байна. Эрх зүйн үндэслэл талаасаа банкны тухай хуульд "Банк иргэн хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгох болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно" гэж заасан байдаг байна. Тиймээс захиргааны аргаар бууруулах нь хуульд нийцэхгүй болохыг шинжээчид онцолж байгаа юм. Төв банкны хувьд макро эдийн засгийн тэнцвэр хангагдсан нөхцөлд зээлийн хүү буурах боломж бодит болно гэж үзэж байна. Хэдийгээр инфляци 5 хувиас доош бууж, төгрөгийн бодит хүү 8 хувиас давж төгрөгийн өгөөж талаасаа зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн хэдий ч төлбөрийн тэнцэлд дорвитой эерэг өөрчлөлт гарч эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангаж байж зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэж Төв банкнаас илэрхийлж байна. Үүн дээр нэмээд улсын төсвийн зохистой бодлогоор орлого, зарлагыг тэнцвэржүүлж эдийн засгийн дотоод тэнцвэрийг хангах шаардлагатайг мөн анхааруулж байгаа юм. Гол нь эдийн засгийн тэнцвэрийг хангахгүйгээр зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахыг оролдох нь төгрөгийн ханшийг сулруулах, банкны салбарт нэмэлт эрсдлүүд үүсэх эрсдэлтэй талаар Төв банк онцолж байна.