Төлбөрийн тэнцлийн 2015 оны 3 дугаар улирлын гүйцэтгэл

2015-11-16 09:39:30

Энэхүү гүйцэтгэлийг 10-р сарын 30-ны өдөр танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны алдагдал 73.1 сая ам.доллараар, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 209.8 сая ам.доллараар, алдаа ба орхигдуулгын дүн 136.7 сая ам.доллараар тус тус буурсан өөрчлөлт гарсан байна.

 

Энэ нь төлбөрийн тэнцлийн улирлын гүйцэтгэлд аж ахуйн нэгж байгууллагуудын 3 дугаар улирлын санхүүгийн тайлан мэдээг хүлээн авч, тусгаснаар тайлбарлагдана. Тодруулбал, урьдчилсан гүйцэтгэлд тусгагдсан уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжүүдийн тайлант улирлын үндсэн үйл ажиллагааны ашгийн таамаг тооцоо нь бодит гүйцэтгэлээс өндөрөөр үнэлэгдсэнтэй холбоотой байна. Уг ажил гүйлгээг төлбөрийн тэнцэлд орлогын болон шууд хөрөнгө оруулалтын дансанд давхар бүртгэдэг болно.

 

Гол үзүүлэлт

Урсгал тэнцэл 412.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 72%-иар буюу 1051.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 198%-иар өсч 950.0 сая ам.долларт, үйлчилгээний худалдааны алдагдал 48%-иар буурч 632.9 сая ам.долларт хүрч эерэг нөлөө үзүүлсэн бол орлогын дансны алдагдал 23%-иар өсч 849.4 сая ам.долларт,  урсгал шилжүүлэг 2%-иар буурч 119.6 сая ам.долларт хүрч сөргөөр нөлөөлжээ.

 

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 345.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 59%-иар буюу 506.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын санхүүжилт цэвэр дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 98%-иар буюу 516.3 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна.