ТӨСӨВ АЛДАГДАЛТАЙ ХЭВЭЭР БАЙГАА НЬ МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ СУЛРУУЛАХ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙНА

2015-11-16 09:53:09

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл есдүгээр сарын сүүлээр хуралдаж эхэлсэн ч 2016 оны сангийн бодлого, томоохон төслүүдтэй холбоотой асуултууд байсан учраас хэсэг хугацаанд завсарлаад байсан юм. Харин өнгөрсөн баасан гарагт ирэх оны төсвийн тухай хууль батлагдсанаар хурал үргэлжлэх боломжтой болж байгаа ч төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 3.4 хувийн алдагдалтай байхаар батлагдсанаар

Төв банкны бодлогын сонголтууд цөөрч байна. Төв банк мөнгөний бодлогын хурлаа хоёр сар орчмын өмнө эхлүүлсэн ч завсарлуулаад байсан нь төсвийн алдагдалтай холбоотой аж. Төв банкны хувьд төсвийн зарцуулалтыг танаж, төсвийг алдагдалгүй баталж чадсан тохиолдолд одоо 13 хувь дээр байгаа бодлогын хүүг бууруулах замаар арилжааны банкуудаар дамжуулж, хувийн хэвшлийн санхүүжилтийг дэмжих боломжтой гэж үзэж байв. Инфляци энэ оны эхнээс 1.9 хувь буюу Төв банкны зорилтот түвшинд хүрэх боломжтой байгаа учраас энэ нөхцөлд мөнгөний бодлогыг зөөллөх боломж гарч ирэхээр байлаа. Мөн хүлээлт үүсгээд байсан бас нэг асуудал болох “Оюу Толгой” төсөлтэй холбоотой эерэг мэдээллүүд гарсаар байна. Гэхдээ энэ нь голчлон хүлээлтэд нөлөөлж байгаа бөгөөд энэ удаагийн шийдвэрт буюу богино хугацаанд үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал гэх дүгнэлт “Bloomberg”-ээс шинжээчдийн дунд явуулсан судалгаанаас харагдаж байсан юм. Бодлогын хүүг бууруулах чиглэлд нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлсийг харахад мөнгөний хатуу бодлого нь хэрэглээний үнийн индексийг зохих түвшинд барих зорилтдоо хүрсэн. Харин одоогийн нөхцөлд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэх нь эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг улам сульдуулах мөнгөний нийлүүлэлт багассанаар хүү өсөх болон бодит секторт эх үүсвэрийн дарамт үүсэх хандлага бий болж болзошгүй байгааг анхааруулж байна. Ерөнхийдөө нэг талаас зээл олголт буурч байгаа гадаад худалдаа ашигтай гарч байгаа зэрэг нь бодлогын хүүг бууруулах шаардлага болон боломжийг бий болгож байна. Нөгөө талаас чанаргүй зээлийн хэмжээ өндөр, ханш сул байгаа, төсөв алдагдалтай хэвээр байгаа зэрэг нь мөнгөний бодлогыг сулруулах боломжийг хязгаарлаж байгаа ажээ

                                                                                                                                                              Эх сурвалж bloombergtv.mn Б.Дуламхорлоо