ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД ТООЦНО

2015-11-24 10:28:28

Энэ оны долдугаар сард батлагдсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 2016 оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хууль батлагдахаас өмнө хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрхийг бүртгүүлдэггүй байснаас нэг хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг  тавьсныг мэдэх боломжгүй  байсан байна. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлаж, зээл олголтыг багасгах үр дагавартай байсан ажээ. Харин хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааг төвлөрсөн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх тухай хуульд зааж өгснөөр эрх зүйн орчин бүрдсэн тухай "Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх нь" сэдэвт зөвлөгөөний үеэр онцоллоо. Хууль хэрэгжих цахим орчныг бүрдүүлэхэд Олон улсын санхүүгийн корпорациас техникийн туслалцаа үзүүлэхээр Хууль зүйн яамтай хамтран ажиллаж байна. Хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тооцож эхэлснээр бага, дунд орлоготой иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах боломжтой болох, санхүүгийн бусад төрлийн үйлчилгээнд хамрагдах бодит нөхцөл бүрдэнэ гэж Хууль зүйн яам үзэж байна. Мөн санхүү, татварын бүртгэлд хамрагдах боломжгүй албан бус хэвшилд буюу далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн урсгал ил болох боломжтой ажээ. 

 

                                                                                                                                                                                               Эх сурвалж Bloombergtv.mn