АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

2015-12-08 09:43:35

Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн тоо нэмэгджээ. Тухайлбал утаагүй шахмал түлшний үйлдвэрлэлийг дурдаж болохоор байна. Бүрэн шаталттай, илчлэг өндөртэй энэхүү түлш нь зах зээлд нэг тонн нь 125-180 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж. Тухайн салбарт "Дэрст тохой", "Хур туг", "Баялаг Эрдэнэ Цом" зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компаниудын үйл ажиллагааг дэмжихээр 2015-2016 оны халаалтын улиралд сайжруулсан шахмал түлш борлуулалт, тээвэр, агуулахын зардалд Засгийн газар 746 сая төгрөгийг зарцуулахаар болжээ. Үүнээс гадна шингэрүүлсэн хийн түлш нь мөн байгаль орчинд ээлтэй түлшинд тооцогддог. “Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Баатардоржийн мэдээлснээр энэхүү түлш нь цахилгаанаас 11 дахин их илчлэгтэй аж. Тиймээс сард нэг өрх цахилгааны төлбөрөөс гурав дахин бага төлбөрийг хийн хэрэглээнд зарцуулах боломжтой юм байна. 2014 онд Монгол Улсад импортлох хийн түлш 42.8 мянган тонн болж, нэмэгдсэн нь 2011 онтой харьцуулахад гурав дахин өссөн дүн болжээ. Эрүүл мэндийн яамны статистик мэдээллээр Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа нийт өвчлөлийн 20 гаруй хувийг агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл эзэлж байгааг тогтоосон байна. Түүнчлэн гэр хорооллын утааны гаралтыг 80 хувиар бууруулбал агаарын бохирдол 48 хувиар буурч, эрүүл мэндийн зардлаас 66 сая ам.долларыг хэмнэх боломжтой гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх зорилготой олон төрлийн утаанаас хамгаалах амны хаалтууд худалдаалагдах болсон байна. Тухайлбал амны хаалт болон утаа шүүгч филтерүүд 1800 төгрөгөөс 110 мянган төгрөгийн үнэтэй байна. Дашрамд дурдахад 2014 онд UC Berkeley их сургуулиас явуулсан судалгаагаар Монгол Улсад уушгины хатгалгаагаар жилд 130 хүүхэд, зүрх судасны өвчнөөр 1440 хүн амиа алддаг болохыг тогтоожээ. Монгол УЛсын Засгийн газар ирэх оны төсөвт агаарын бохирдолтой тэмцэх "Цэвэр агаар төсөлд" 5 орчим тэрбум төгрөг төсөвлөөд байна.

 

Э.Эрдэнэтуяа