Хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор татна

2015-12-15 14:18:33

Дэлхийн эдийн засгийн хөгжлийг үндэстэн дамнасан хэдхэн корпараци тодорхойлох болсон. Энэ зах зээлд нэгдэж чадаагүй эсвэл татгалзсан улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч, улмаар олон улсын хөгжлөөс хойш суух болжээ. Үүний нэг жишээ нь манай улс болоод байгааг эдийн засагчид хэллээ.

Дэлхий даяаршихын хэрээр үндэстэн дамнасан томоохон үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Энэ байдлыг эрт мэдэрсэн улс орнуудын эдийн засаг өнөөдөр хурдацтай хөгжиж байна. Тухайлбал, 1989 онд БНХАУ-ын ДНБ-ний нэг хүнд ногдох хувь нь 330 доллар байсан бол 2014 онд 7300 болтлоо өсчээ. Хятадын энэ өсөлтийг гадаадын хөрөнгө оруулагчид л бий болгосон юм гэдгийг эдийн засагчид хэлж байна.

1950 оны үеэс БНХАУ дангаараа хөгжих боломжгүй юм гэдгийг ойлгож, олон улсын томоохон үйлдвэр эрхлэгчдийг урьж, “Манай улсад үйлдвэрлэл эрхэлбэл татвараас чөлөөлнө мөн хямдхан газар, ажиллах хүч бидэнд байна” гэдгийг хөрөнгө оруулагчдад ойлгуулж чадсан. Ингэснээр хятадын эдийн засгийн сэргэлт эхэлсэн байна.

Дэлхийн хөгжингүй улс орнууд манай урд хөшийн загвараар хөгжихийг хүсч байна. Тухайлбал, Бүгд найрамдах социалист Вьетнам улсад гадны хөрөнгө оруулагчид үйлдвэрлэл явуулахад эхний 5 жил татвар авдаггүй. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татах нэг шалгаан болжээ. Жишээ нь, Вьетнам улсад Самсунг компани хоёр салбараа нээснээр гурван жилий дотор Вьетнамын 100 гаруй мянган иргэн ажлын байртай болжээ.    

Эдийн засагчидын уулзалтын үеэр БНСУ-ын эрдэмтэн Лий Сонгүн "Вьетнамд татварын таатай нөхцлөөс гадна хямд ажиллах хүч байдаг. Тиймээс Самсунг компани салбараа тэнд нээсэн. Салбар нээгдсэнээс хойш үйлдвэр ашигтай ажиллаж байгаагаас гадна гадна Вьетнам улсын зах зээл ч тэлсэн. Учир нь Самсунг компани утас хийдэг бүтээгдэхүүнийхээ 15 хувийг тухайн улсаас хуладалж авч байна. Ингэснээр Вьетнамчууд хэдхэн жилийн дотор импортлогч орноос экспортлогч улс болон хөгжих болсон" гэх мэт жишээг өгүүллээ.

Энэ бол дэлхийн хөгжлийн загвар. Бид энэ загварыг сонгохгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй. Үүнийг манай улсын сүүлийн 25 жилийн түүх харуулж байгааг эдийн засагчид хэлж байна.