Өнгөрсөн сарын эдийн засгийн статистик мэдээллийг өглөө

2015-12-15 14:22:29

Өнгөрсөн сард инфляцийн түвшин буурч, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Харин бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд тааруухан дүр зурагтай байгааг өнөөдөр статистикийн хорооноос мэдээллээ. 

Гадаад худалдааны тэнцэл сүүлийн саруудад ашигтай гарч байгаа. 748 сая долларын ашигтай гарсан нь валютын ханшийн өсөлт импортын бууралтаас шалтгаалж байгаа юм. Өнгөрсөн сард инфляци 0.2 хувиар өссөн ч өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.9 хувьтай буюу нам дор түвшинд байна.

Мөнгөний нийлүүлэлт 9.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувиар буурчээ. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэдгийг статистикийн мэргэжилтнүүд хэлж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.9 их наядад хүрсэн байна. Үүнд эзэлж байгаа хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 7.6 хувь, чанаргүй зээл 7.1 хувьд хүрчээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 7.6 хувиар буурсан байна. Гүйлгээнд 710 тэрбум төгрөг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 58.4 тэрбум төгрөг буюу 7.6 хувиар буурсан байна.