НЭГДҮГЭЭР САРЫН НЭГНЭЭС ЭХЛЭН БИЕ ДААСАН 9 ХУУЛЬ ШИНЭЭР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2016-01-06 10:47:06

2016 оны нэгдүгээр сарын нэгнээс Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай, Хүний хөгжил, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль болон бусад зургаан хууль хэрэгжиж эхэлж байна. Тухайлбал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж  эхэллээ. Үүгээр иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг жилийн эцэст буцаан авах боломжтой болохоос гадна сард нэг удаа цуглуулсан баримтаа ebarimt.mn цахим хуудсаар орж баталгаажуулснаар сугалаанд оролцох боломжтой болох юм. Өнөөдрийн байдлаар 3043 аж ахуйн нэгж цахим төлбөрийн баримтын системд холбогдож, Татварын Ерөнхий газрын НӨАТ-ын Урамшууллын системд 115.5 мянган баримтын мэдээлэл төвлөрөөд байна. Мөн энэ сарын эхнээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, журмын хамт хэрэгжиж эхэллээ. Хамгийн анхны хүүхэд харах үйлчилгээний төв Орхон аймагт нээгдэж, 15 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хуулиар нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй байх зохицуулалт хийж өгсөн. Нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг сарын 116 мянган төгрөг байхаар тогтоож, нэг хүүхдэд ногдох талбайг орон сууцанд хоёр ам.метр байхаар тогтоож өгсөн юм. Ингэхдээ орон сууцанд хүүхэд харах үйлчилгээ явуулах бол өөрийн амьдарч буй талбайгаас тусдаа өрөөнд, гэр хороололд бол өөрийн гэрт биш хашаандаа тусдаа гэр барих зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн байна. Дээрх хуулиудаас гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Нийтийн сонсголын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиуд энэ оны эхнээс хэрэгжиж эхэлжбайгаа юм. Мөн энэ сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Соёлын тухай хуулийн нэмэлтээр телевизүүдийн нэвтрүүлгийн нийт агуулгын 50-иас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байхаар тусгаж өгөөд байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн жолоочийн зөрчлийн оноог тооцох заалт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зарим заалт энэ сараас хэрэгжиж эхэллээ.