БОНДУУДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭХ ВЭ

2016-01-06 11:05:37

 

"Оюу Толгой"-ийн хоёрдугаар шатны санхүүжилтийн гэрээг байгуулж, жил тутам орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэнээр төсвийн орлого нэмэгдэж, бондын эргэн төлөлтөд дэмжлэг болно гэж эдийн засагчид үзэж байна. Эхний ээлжинд 2017 оны гуравдугаар сараас Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийгдэх хуваарьтай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ойролцоогоор 520 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс төлөгдөх бол үлдсэн хэсгийг санхүүжилт хийгдсэн төслүүдээс буюу ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, "Эрдэнэс Таван Толгой" компаниудаас эргэн төлөгдөнө гэж Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өмнө нь мэдээлж байв. Харин 2018 оны нэгдүгээр сард "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэхээр байна. Энэхүү "Чингис" бондын эхний эргэн төлөлт улсын төсвөөс хийгдэхгүй бөгөөд хөрөнгө оруулсан төслүүдээс хийгдэх ажээ. Хувийн секторын гадаад бондуудаас 2017 оноос "Mongolian Mining Corporation"-ийн 2012 онд Сингапурын Хөрөнгийн биржид гаргасан 600 сая ам.долларын бондын төлбөрийг хийгдэхээр байна. Мөн Худалдаа Хөгжлийн банкны 2017 онд төлөх нөхцөлтэй 700 сая юанийн бонд, 2020 онд төлөх нөхцөлтэй 500 сая ам.долларын бондын төлбөр хүлээгдэж байна. Харин энэ онд Худалдаа Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын санхүүжилт олон улсын зах зээлээс амжилттай татсан юм. Мөн 2015 оны III улиралд багтаан тус банк 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан 300 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Эдгээрээс гадна Монгол Улсын Засгийн газраас 2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу 10 жилийн хугацаатай гаргасан 30 тэрбум иенийн "Самурай" бонд, 2015 оны II улиралд гаргасан 160 сая ам.доллартай тэнцэхүйц юанийн бонд буюу "ДИМ САМ" бондын төлбөрийг 2018 онд эргэн төлөх нөхцөлтэй байгаа юм.