НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА

2016-01-13 12:40:52

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого бүрдэлт 98.4 хувьтай, зарлагын гүйцэтгэл мөн хувьтай гарсан болохыг Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал Монгол Улсын нэгдсэн төсөв жилийн эцэст урьдчилсан байдлаар 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь

төлөвлөснөөс 16 тэрбумаар бага үзүүлэлт юм. Нэгдсэн төсвийн орлого бүрдүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүйн дээр, төсвийн орлого жилийн өмнөхөөс 4.8 хувиар буурч 5.9 их наяд төгрөгт хүрчээ. Төсвийн орлогын 86 хувийг татварын орлого бүрдүүлдэг. 2015 онд нэгдсэн төсөвт 1.1 их наяд төгрөгийн орлогын албан татвар, нэг их наяд төгрөгийн Нэмэгдсэн Өртгийн Албан татварын орлого болон Нийгмийн даатгалын орлого тус тус төвлөрсөн байна. Төрөөс зардлаа хэмнэх бодлого баримталсны үндсэн дээр нэгдсэн төсвийн зарлага төлөвлөснөөс 116 тэрбум төгрөгөөр дутуу биелж, нэгдсэн төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ. Мөн улсын төсвийн зарлага 4.9 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 81 хувийг урсгал зардал бүрдүүлсэн бөгөөд 2015 онд 5.7 их наяд төгрөгийн урсгал зардал гаргасны талыг нь бараа, ажил үйлчилгээний зардал бүрдүүлжээ. Сангийн яамны мэдээлснээр өнгөрсөн жил нийгмийн даатгалын сангаас 1.5 их наяд төгрөгийн зардал гаргаж, улсын эмнэлэгүүдэд 141.6 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Мөн эрчим хүч, дулааны алдагдлын татааст 20 тэрбум төгрөг, улаан буудайн урамшуулалд 24.7 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 18.3 тэрбум төгрөгийн татаас олгожээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Эх сурвалж bloombergtv.mn Э.Нарантунгалаг