Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтдөө хамрагдаарай

2016-01-13 12:42:33

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр амьдран суух зорилгоор анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээтэй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлсөн байдаг.

Энэ 30 сая төгрөгийн 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж хувь хүний өөрөө хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо төлсөн ХХОАТ-аас буцаан олгодог юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ч гэсэн тухайн жилд олсон орлогоо тодорхойлж, төлөх татвараа харъяа татварын албанд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнах ёстой. Мөн Албан байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаа хүн тухайн жилд төлсөн татварын хэмжээгээр татвараас чөлөөлөлт эдлэх боломжтой юм. Иймд хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт эдлэх иргэний тайланг Дүнжингарав төвд байрлаж байгаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авч эхэллээ. Татвар төлөгч та бүхэн ажлын өдрүүдэд 8.00-20.00, бямба гарагт 10.00-15.00 цагуудаас дүүрэг харгалзахгүйгээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэх боломжтой.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай хуулийн дагуу дараах орлогыг албан татвараас чөлөөлнө.

  1. Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж:
  2. Донорын олговор
  3. Албан томилолтын зардал
  4. Даатгалын нөхөн төлбөр
  5. Засгийн газрын өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз
  6. Хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн үнэ:
  7. Гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдэд үзүүлж байгаа тусламж
  8. Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого:
  9. Монгол улсын төрийн шагнал , Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон Гавъяат цолтны шагнал, Шинжлэх ухааны нээлтийн шагнал
  10. Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

Дор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу тариалсан Монгол Улсад оршин суугч хувь хүний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

  1. Үр тариа:
  2. Төмс, хүнсний ногоо:
  3. Жимс, жимсгэнэ:
  4. Тэжээлийн ургамал
  5. Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлсөн байна гэдгээс хамаараад буцаан олголт авах юм. Хэрвээ та 2015 онд татварт сард нэг сая төгрөг төлсөн бол нэг сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн хоёр сая төгрөгийг дараа дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой.

Татварын улсын байцаагч өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой. Анх удаа бүртгүүлж буй иргэд эхлээд татварын хэлтсээс цахимаар бүртгүүлэх нууц үгээ авах шаардлагатайг Монголын татварын алба сануулжээ.

Орон сууцны хөнгөлөлт авахад бүрдүүлэх материал: /анхны жилд/

  1. Бичгээр гаргасан хүсэлт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
  3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
  4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
  5. Зээл олгосон банк санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ /нотариатаар баталгаажуулсан байх/
  6. Орон сууцны захиалгын болон худалдах худалдан авалтын гэрээ /нотариатаар баталгаажуулсан байх/
  7. Байранд төлсөн мөнгөний баримт
  8. Хөрөнгийн үнэлгээний тайлан
  9. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт
  10. Татварын бүртгэлийн дэвтэр
  11. Ажлын газрын тодорхойлолт. Цалингийн дэлгэрэнгүй
  12. Орлого нотлох бусад баримт /орон сууц худалдан авсан ба барьсны эх үүсвэрийн баримт. Банкин дахь дансны лавлагаа хөнгөлөлт эдлэх иргэний нэр дээр/
  13. ТТ-06 тайлан

Татварын хөнгөлөлт

  • Бичгээр гаргасан хүсэлт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/, эх хувиараа байгаа тохиолдолд нотариатаар баталгаажуулахгүй
  • Татварын бүртгэлийн дэвтэр
  • Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
  • Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар Харилцдаг банк, дансны дугаараа тодорхой бичнэ.

Г.ТУУЛ