МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ НЭГ ХУВИАР БУУРУУЛЖ, 12 ХУВЬ БОЛГОЛОО

2016-01-14 10:23:24

Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж мөнгөний бодлогоо зөөллөж, бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 12 хувьд хүргэлээ. “Блумберг”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн дийлэнх нь бодлогын хүүг хэвээр үлдээнэ гэж таамаглаж байсан юм. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 11 дүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн 5 сарын турш зорилтот түвшнээс доогуур байгаа нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байна гэж Төв банк үзэж байна.Нийлүүлэлтийн 

гаралтай инфляци нам, тогтвортой байхын зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй байна. “Блумберг”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн дундаж таамаг 2015 оны эцсийн инфляцийн өсөлт жилийн 1.9 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа аж. Одоогоор Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас 12 дугаар сарын инфляцийн дүн мэдээг зарлаагүй байна. Ямартай ч дараалан буурч байгаа нь бодлогын сонголтыг нэмэгдүүлж байна. Үүн дээр нэмээд дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа учраас макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихээр байна. Өнгөрсөн хугацаанд гадаад тэнцвэр сайжирвал бодлогын хүүг бууруулна гэж харж байгаагаа илэрхийлсээр ирсэн юм. 11 дүгээр сарын статистик мэдээллээр урсгал тэнцэл 489.4 сая ам.долларын алдагдалтай байсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад 65 хувиар буурсан сайн үзүүлэлттэй байна. Хэдийгээр эдийн засгийн идэвхжил буурч, импорт буурсан нь нөлөөлж байгаа хэдий ч эдийн засагт тохиргоо хийгдэж байна гэж Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийг дүгнээд байгаа юм. Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эерэгээр нөлөөлнө гэж Төв банк үзэж байна. Одоогоор ипотекийн зээлийг эргэж олгож эхлэх гол зохицуулалт болж байгаа Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ нэн яаралтай хэлэлцэх жагсаалтад багтаагаад байна. Энэхүү зохицуулалттай хамт Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэлэлцэнэ. Ирээдүйн тэтгэврийн нөөц санг бүрдүүлэх эх үүсвэр нь хуулийн төсөлд зааснаар Монголбанкнаас шилжүүлсэн орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилгоор Монголбакнаас банкинд олгосон зээлийн шаардах эрх, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны үндсэн төлбөр, хүүгийн орлого зэрэг бусад орлогын эх үүсвэр багтаж байна. Харин сангийн хөрөнгийн зарцуулалтыг "Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах зардлыг ипотекийн зээлээр баталгаажсан хүүгийн орлогоос санхүүжүүлэх" зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Зээлийн урьдчилгаа төлбөрийг ийнхүү шийдэх зохицуулалт оруулж өгч байгаа нь эрэлтийг бодитоор дэмжих боломжтой гэж хууль боловсруулагчид харж байна. Түүнчлэн зээлийн хүүг 5 хувь болгох тухай асуудал яригдаж байгаа юм. Инфляци нам дор буусан үед хүү буурах боломжтой гэж Төв банк үзэж байна. 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь болгосноор хүүгийн зөрүүнээс сар бүр нийт дүнгээрээ 12 тэрбум төгрөг эдийн засагт эргэлдэх боломжтой гэж үзэж байгаа юм.

О.Одгэрэл