Санхүүгийн Зохицуулах Хороо зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүлж эхэллээ

2016-01-28 10:03:20

Санхүүгийн Зохицуулах Хороо үйл ажиллагаандаа “Зөвшөөрлийн цахим систем” нэвтрүүлж эхэллээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах өргөдлөө зайнаас гаргах боломжтой болж байгаа бөгөөд хүсэлт материалыг хүлээн авч, хянах бүх үйл ажиллагаа автоматжин хүний хүчин зүйлээс хамааралгүй,  хүнд сурталгүй, түргэн шуурхай шийдвэрлэгдэх боломжтой боллоо.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хууль, Хадгаламж зээлийн хоршоо, Даатгал, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зэрэг санхүүгийн үйл ажиллагааны хууль тогтоомжийн дагуу Хорооноос иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээг бүртгэх ажиллагааг хүнд сурталтай, олон баримт бичиг шаарддаг, чирэгдэл учруулдаг гэж шүүмжлүүлдэг байсан асуудал ийнхүү эмх цэгцтэй болж эхэлсэн байна. 

Цахим системд шилжсэнээр өргөдөл гаргагч иргэд, хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичгийн тоо цөөрч, төрийн бусад байгууллагуудаас авдаг тодорхойлолт, лавлагааг иргэд өөрсдөө авах гэж цаг, мөнгөө үрэх шаардлагагүй болж байна. Энэ ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо төрийн иргэний бүртгэл мэдээлэл, татвар, авто тээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын сүлжээнд нэвтэрч, шаардлагатай мэдээллийг өөрөө шууд авдаг байхаар хариуцсан байгууллагуудтай тохиролцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулах шатандаа яваа юм байна. Ингэснээр төрийн байгууллагууд хоорондын мэдээллийн нууцлал, аюулгүй байдал сайжрахаас гадна, харилцан мэдээллээ солилцох боломж нээгдэнэ.

Хамгийн гол нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн бааз бүрдсэнээр зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд Зохицуулагч байгууллагын зүгээс тавих хяналтын чанар сайжрах ба зах зээлийг хөгжүүлэх, дэмжих бодлогын шийдвэр гаргалт тоо мэдээ, судалгаанд үндэслэгдэх зэрэг олон давуу байдлыг бий болгож байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.gov.mn вебсайтын нүүр хуудасны “Зөвшөөрлийн цахим систем” хэсэгт нэвтэрч зааврын дагуу цахим үйлчилгээг авах боломжтой юм гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.