Б.Лхагважав: Ил тодын хуульд сайн дураараа хамрагдсан компаниудад татвар, даатгал, гаалийн шалгалт хийхгүй

2016-02-18 09:14:57

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт энэ сарын 20-нд дуусгавар болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах байсан хуулийн хугацааг нэг удаа сунгасан юм.

Ерөнхий сайд энэ сарын 10-нд болсон Эдийн засгийн зөвлөлийн хурлаар ил тодыг дэмжих хуулийн хүрээнд 14.4 их наяд төгрөг төвлөрсөн гэв. Нийт 15 074 аж ахуйн нэгж тайлан хүргүүлснээс 9 480 аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан баталгаажсан аж. 28 430 татварын, 1768 нийгмийн даатгалын тайлан болон 4242 гаалийн нөхөн мэдүүлгийг бүртгүүлжээ. 

 

Та эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахын тулд анхнаас нь их хүчтэй лоббидсон. Энэ таны өөрийн, эдийн засагч хүний итгэл үнэмшил байв уу эсвэл МҮХАҮТ-ын захиалга уу?
-Би жилийн өмнө МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болсон. Ингэхдээ хоёр л зүйл амласан. Нэг нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг батлах байв.

Яагаад энэ асуудлыг хүчтэй тавьсан гэхээр эдийн засаг 2013-2014 онд бид эдийн засгаа зөвхөн мөнгөний бодлогоор тэтгээд, таван тэрбум ам.доллартай тэнцэх мөнгийг нийлүүллээ. Гэтэл энэ нь микро эдийн засагтаа шингэж чадахгүй, гацаа үүсгэчихлээ.

Манай ААН-үүдийн санүхү бүртгэлийг шинээр эхлэхгүй, санхүү, татварын тайланг шинэ гараанаас эхлэхгүй бол хөрөнгө оруулалт шингэхгүй юм байна. Хуурамч тайлан баланстай учраас тэр шүү дээ. Эдийн засгийн ил тодын хуулийн гол зорилго нь компаниудын тайлан, тооцоог шинээр эхлүүлэх. Ингэснээр бид хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлтөө эргүүлээд өөрсдөдөө шингээх юм.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зургаадугаар заалтыг компанитай хүн бүр унших хэрэгтэй. Энд сайн дурын үндсэн дээр өөрийн ажил үйлчилгээг ил болгосон тохиолдолд тухайн татваруудаас болон захиргааны буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн байгаа.

Мөн бүртгэл, мөрдөн байцаалтад дахин эх сурвалж болгон ашиглахгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл сайн дураараа хамрагдсан компаниудад татвар, даатгал, гаалийн шалгалт хийхгүй. Харин хамрагдаагүй команиудад шалгалт хийнээ л гэсэн үг. Тэгэхээр цэвэрхэн компаниуд ч маягтыг нь бөглөөд, байгаа юмаа л нөхөж бичээд өгчих хэрэгтэй байсан юм. Энэ хуулийн бас нэг онцлог нь  тухайн эх сурвалжийг нууцална. Ядаж л тайван амгалан бизнесээ хийнэ шүү дээ.

-Хэн татвар, гааль, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй үлдсэн нь тэр чигтээ хаалттай байна гэдэг заалт хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан шүү дээ. Тэр бүх баримтыг устгах нь зөв гэж үү?
-2008 онд бид татварын өршөөлийн хууль батлахдаа орлого олсон этгээд татвараа төлөх механизмыг хийгээгүй. Энэ оны нэгдүгээр сараас НӨАТ-ын шинэ хууль үйлчилж эхэллээ. Одоо бол орлого олсон этгээдийн бүх мэдээлэл татвар руу очно. Хэрэглэгч карт уншуулсан, талон авсан тохиолдолд шүү дээ.

Ингэснээр бид орлогоо тоолж чаддаг болно. НӨАТ-ын гол зорилго нь энэ. Тэгэхээр энэ оноос эхлэн нууц, далд бизнес хийх ямар ч аргагүй болно. Үүнийг эхлэхийн өмнө наана нь бүх тайлан, балансаа цэгцлэх шаардлага байсан болохоор ил тодын хуулийг их давшингуй баталсан юм.

Нягтлан бодох бүртгэлийн хуулийг ч энэ оноос шинээр мөрдөж эхэллээ. Аудитын болон эрүүгийн, зөрчлийн гэх мэт олон хуулийг шинэчиллээ. Бизнестэй холбоотой хуулиуд бүгд шинэчлэгдлээ. Иймд өмнөх системийг ч зогсоолоо. Эрүүгийн өмнөх хуулиар бол 19 сая төгрөгийн орлогоо нуусан бол таван жилийн ял авах байлаа. Сүүлийн 20 жилд яг энэ заалтын дагуу шийтэл амссан хүн арын арван хуруунд л багтана. Яагаад ийм цөөн хүн ял авав гэхээр маш олон хүн мөрдөн байцаалт, бүртгэл, прокурорын шатанд авлигаар асуудлаа шийдсэн гэсэн үг. Татварын ерөнхий газрын мэдээгээр 12560 компанийн захирал, нягтлан цагдаад дуудагдан, байцаалт өгсөн шүү дээ. Маш бага үнийн дүнгээс болж хүнд эрүү үүсгэдэг, дарамталдаг, авлига авдаг байж шүү дээ. Мафийн энэ системээс салахын тулд ил тодын хуулийг хэрэгжүүлсэн.

2008 онд өршөөлийн хууль баталсан атлаа долоон жилийн дараа дахин өршөөх хууль баталлаа гэж УИХ-ын зарим гишүүн шүүмжилсэн. Мөн ойрын 10 жилд дахин татвараас өршөөх хууль батлахгүй гэдэг заалт нэмэх санал ч гарсан.  
-2008 оны хуулийг батлахдаа 2007 оны арванхоёрдугаар сарын 27-ны шөнө хаалттай хуралдаанаар баталсан. Тэгсэн атлаа нэгдүгээр сарын 1-нээс нь мөрдөхөөр заасан юм. Хуулийг хэрэгжүүлэх журам нь дөрөвдүгээр сард батлагдан, зургаадугаар сард хугацаа нь дууссан.  Хуулийг сурталчлахад засгаас нэг ч төгрөг зарцуулаагүй. Танин мэдэхүйн ямар ч ажил хийгээгүй. Үүгээр зогсохгүй эсрэг ажил хийж байсан. Та хөрөнгөө ил гаргавал, долдугаар сард гарч ирэх шинэ засаг таныг шоронд хийнэ гэж ярьж байсан.

Тэр үед яагаад шударга ёсыг зөрчиж байна гэж дуугараагүй юм? Хэн ч дуугараагүй шүү дээ. Энэ бол алтан боломж гээд л би өөрөө реклам хийлгэж байсан. Тийм учраас нийт компанийн 98 хувь нь ашиглаж чадаагүй. Энэ удаад байдал огт өөр байна. Засгийн газрын дөрвөн агентлаг хамтран ажиллалаа. Сангийн яам сурталчилгааг их сайн хийн, олон сургалт явууллаа. Та хуулийн ийм сурталчилгааг өмнө нь хараагүй байх. Цаашид бүх хуульд энэ жишиг тогтох биз.

2016 оны эхний улиралд нягтлангууд шинэ хуулийн дагуу тайлангаа гаргана. Гэтэл энэ хулийн сурталчилгааг хийсэнгүй.

-2008 оны татварын өршөөлд хамрагдсан ААН-үүдийн жагсаалтыг олж авах боломжтой юу?
-Хувь компанийн нууц гэж явдаг. Би Ерөнхий сайдын зөвлөх байхдаа энэ статистикүүдийг томоор нь авч харсан учраас л татварын өршөөлд хамрагдаагүй ААН-ийн орлого хэрхэн буурсныг харсан.

-Гэхдээ архивгүй төр гэж байх ёсгүй.
-Тийм л дээ. Яг л өнөөдрийн ил тодын хуулийн адил 2008 онд ч бүх ААН өршөөлийн хуулийг ашигла л гэсэн. Гэтэл ихэнх компани надад хамаагүй, баячуудад л хамаатай гээд тойроод гарсан. Одоо ч ил тодын хуулийн хугацаа дусангуут баахан хүн гомдоллоно. Би үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх байсан гэцгээнэ.

Уг нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах хууль аль Н.Алтанхуягийн Засгийн газрын үед батлагдах байсан юм. Манайхан макро эдийн засаг талаас нь биш улстөрийн өнцгөөр харж, их хойшлууллаа. МАН засагт орж, азаар шахуу энэ хуулийг баталлаа. Хэрэв дөрвөн сард баталсан бол аравдугаар сард жигдэрчих байсан юм.

 эх сурвалж gogo.mn