ТОСК: ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ СУГАЛААГААР ТОДРУУЛНА

2016-03-04 10:34:51

Төрийн Орон Сууцны Корпорацийн Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх дотоод журам өнөөдөр буюу 3 дугаар сарын 4-ний өдөр батлагдах хүлээлттэй байна. Энэхүү журам батлагдаж, олон нийтэд мэдээлсний дараа буюу ирэх долоо хоногоос иргэдийг бүртгэх ажил эхэлнэ гэж ТОСК-ийн Ерөнхий Захирал А.Гантулга мэдээллээ. Судалгаагаар Улаанбаатар хотод гэхэд 20 гаруй мянган иргэн 

түрээсийн орон сууцанд амьдарч байгаа аж. Тиймээс Төрөөс санал болгож буй хямд үнэтэй түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд бүртгэх юм байна. Хүсэлт гаргасан бүх иргэнийг бүртгэж, сугалааны журмаар түрээсийн орон сууцанд хамруулна гэж ТОСК-аас мэдээллээ. Энэ онд Засгийн газраас 1300 айлын түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан юм. Эхний ээлжинд Улаанбаатар хотод 350 айлын, хөдөө орон нутагт 570 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд хамруулна. Түрээсийн орон сууцны төлбөр тухайн өрхийн сарын орлогын 25 хувь гэж тооцжээ. Мөн тухайн өрх зээлтэй бол сар бүрийн тогтмол төлөлтөө хийгээд үлдэж буй орлогынх нь 25 хувь нь түрээсийн төлбөрөө төлж хүрэхүйц байх хэрэгтэй юм байна. Ингэж үзвэл Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах өрхийн сарын орлого нэг сая төгрөгөөс дээш байх шаардлагатай болж байна. Мөн түрээсэлж буй орон сууцаа иргэд өмчлөх боломжгүй. Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдээс авч буй гурван сарын төлбөртэй тэнцэхүйц хэмжээний урьдчилгаа төлбөрийг Орон сууц хөгжүүлэх санд төвлөрүүлж, байрны ашиглалт, арчилгааны зардалд зарцуулах юм байна. Тухайн иргэн түрээсийн орон сууцыг цэвэрхэн хэрэглэсэн бол байрнаас гарах үед урьдчилгаа төлбөрийнх нь 30 хувийг өгнө гэж ТОСК-аас мэдээллээ.

Э.Нарантунгалаг