Банкны салбар анх удаа алдагдал хүлээв

2016-03-04 10:37:58
 

2016 оны нэгдүгээр сард банкны салбар анх удаа алдагдалтай гарсан байна. Тиймээс банкны өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголын банкуудын холбооны тэргүүн О.Орхоноос тодрууллаа.  

 

-Банкуудын нөхцөл байдал хүндхэн байна гэж ойлгож болох уу?

-Банкуудын актив чанар, зээл олголт буурсан, чанаргүй зээлийн хувь хэмжээ 7,6 хувьтай байна. Энэ тоо нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад муу талдаа. Ер нь нөхцөл байдал муу байна. Гэхдээ системийн хэмжээнд айхтар хүндрэл гарсан, дампуурал болох гээд байгаа юм биш. Ипотекийн зээл зогссон нь ч сөрөг үзүүлэлтэнд нөлөөлөөд байгаа юм байхгүй. Харин ч найман хувийн зээл олгож эхэлснээс хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн барилгын компаниудын борлуулалтанд сөрөгөөр нөлөөлсөн нь буцаад банкуудад нөлөөлж байна. Одоо ипотекийн зээлийн эрх зүйн орчин сэргэсэн ч өмнөхөөс хүндрэлтэй болсон. Яагаад гэхээр хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, зогсоочихсон ажлыг дахиад шинээр эхлүүлэхэд маш их цаг хугацаа орно. Бүх гэрээгээ өөрчилнө. Хуулийн заалтаа өөрчилнө. Дотоод дүрэм журмаа өөрчилнө. Үүнийхээ дараа иргэдээс хүсэлт авч эхэлнэ, гэрээ хэлэлцээр хийнэ гэх мэтийн ажлууд чинь хоёр сар зарцуулагдана. Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт гарч давхар барьцаалах зөвшөөрөл авдаг зүйл байхгүй болчихсон. Гэсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн лавлагааг зээл судлах үедээ нэг авна, шийдвэр гаргах үед нэг авна, яг зээлийн мөнгөө өгөхдөө нэг авна гэх мэт маш олон хүндрэлтэй ажлыг банкуудад бий болгосон. Гуравдугаарт, найман хувийн зээл авах гээд төлөвлөөд, хөөцөлдөөд явж байхад таван хувь болгоно гэхээр одоо хүн авахгүй шүү дээ. Таван хувь болохоор нь авна гээд хүлээгээд байгаад байна. Өнгөрсөн аравдугаар сараас хойш орон сууцны борлуулалт сайжирдаг үеэр нь урьдчилгаа төлбөрөө 10 хувь болгоно, Засгийн газар 20 хувьд нь баталгаа гаргана гээд заралчихсан. Энэ зараас болж нэг хэсэг хүмүүст хүлээлт үүсгэсэн. Гэтэл 10 хувийн урьдчилгаа бүтэхгүй болоод ирэхтэй зэрэгцээд хүүг бууруулах асуудал гараад ирсэн. Энэ мэт шалтгаанаас болоод орон сууц борлогдсонгүй.

-Гэсэн хэдий ч иргэд үл хөдлөх хөрөнгөө банкнаас зөвшөөрөл авахгүйгээр худалдаалдаг хэсгийг УИХ-ын чуулганаар өөрчилсөн. Энэ нь зээлийн эрсдлийг бууруулж чадсан биз дээ? 

-Тэгэлгүй яахав. Энэ асуудал чинь зөвхөн найман хувийн ипотекийн зээлийн асуудал биш. Бүх зээлд хамаарч байсан. Хэрэв банкинд барьцаалсан нэртэй боловч цаанаа худалдаалчихвал эцэс төгсгөлгүй маргаан дагуулна. Хуулийн байтугай зээлийн тогтолцоог тэр чигээр нь үгүйсгэсэн байсан. Гэвч УИХ-ын чуулганаар маш хурдан арга хэмжээ авч өөрчилсөн.

-Малчны зээлийн хүүг бууруулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу банкууд хүүгээ бууруулах боломжтой юу?

-Банкууд одоо олгож байгаа бүх зээлийг хүүг бууруулах ямар ч боломж байхгүй. Хэрэв малчны зээлийг хүүг бууруулах боломжтой гэж үзээд байгаа бол бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг банкуудад олж өгөх эсвэл банкуудын алдагдал хүлээж байгаа зөрүү хүүг ямар нэг аргаар нөхөж өгөх ийм л хоёр арга байна. Малчны зээлийн асуудлыг банкууд өөрсдөө санаачилж олгосон. Гэтэл сүүлийн үед энэ зээлд улстөрчид онцгой анхаардаг болжээ.

Эх сурвалж news.mn