Дэлхийн эдийн засаг сүйрлийн ирмэгт байгааг анхааруулав

2016-03-14 10:11:44

Эрэлтийг бий болгох тал дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай, зөвхөн ингэснээр дэлхийн эдийн засгийг сүйрлээс хамгаалж чадна хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүний орлогч Дэвид Липтон ярьсан талаар “The Financial Times” сонин мэдээлэв. Вашингтон хотноо болсон бизнесийн эдийн засгийн үндэсний холбооны зөвлөлгөөн дээр үг хэлэхдээ тэрээр ийнхүү анхааруулжээ.

Эдийн засгийн өсөлт саарсан, түүхий эд болон санхүүгийн зах зээлд хэлбэлзэл үүссэнээр шинэ аюул бий болсон учир төрийн тэргүүн нар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэнэ.

“Эдийн засгийн идэвхжлийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай” хэмээн Д.Липтон онцлов. Хэрэв арга хэмжээ авахгүй бол шинэ уналт үүсэх магадлал тун өндөр байгааг тэрээр анхааруулсан байна.  

Сангийн энэ айдас оргүй биш бөгөөд Хятадын статистикийн үзүүлэлт дээр тулгуурлаж байгаа юм. Өнгөрсөн мягмар гаригт хэвлэгдсэн статистик үзүүлэлтээр Хятадын экспорт 25.4 хувиар буурсан явдал 2009 оноос хойшхи нэлээд өндөр уналт болжээ. Импортын хэмжээ ч мөн 16 сарын турш буурсаар нэгдүгээр сарын байдлаар 18.8 хувьд хүрээд байна. Хятадын засаг захиргаанаас үйлдвэрлэлийг бууруулах, олон сая ажилчдыг халах тухай бодож эхэлсэн хэмээн тус сонинд онцолжээ.   

Бууралт Хятад гэлтгүй бүх дэлхий дахинаа ажиглагдаж байгаа зүйлийн нэг. Олон улсын валютын сангийн тооцоолсноор дэлхийн ДНБ 3.4 хувиар өсөх ёстой. Гэхдээ энэ тооцоог бууруулж болзошгүй гэнэ.

Эх сурвалж: “The Financial Times”