Д.Болдбаатар: Төгрөгийн ханш сандраад байх нөхцөлд хүрээгүй

2016-03-23 11:38:48

“Асуулт байна” ярилцлагын зочноор Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал  Д.Болдбаатарыг  урьж оролцууллаа.

-Орон сууцны ипотекийн зээлийн хүү 8-аас 5  хувь руу шилжлээ. Малчны зээлийн хүү 29 хувиас 18, 10 хувь болж буурлаа. Цаашид энэ шийдвэрүүд улс төрийн болоод бусад шалтаг шалтгаанаас  үл  хамаарч тогтвортой хөгжих нөхцөл нь хэрхэн бүрдэв?

-Дэлхийн бусад оронд хэрэгждэг хэлбэрээр л хэрэгжих нөхцөл бүрдээд  байнаГуравдугаар сарын 15-наас хойш 333 зээлдэгчид 2.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нийт 3200 зээлдэгчийн 129 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8 хувиас  5 хувь руу хөрвүүлэхэд бэлэн болоод  аажмаар шилжүүлж  байна. Найман хувийн хүүтэй зээлийг олгох бололцоо Үндсэн хуулийн цэцийн барьцаатай холбоотой гаргасан шийдвэрээс шалтгаалаад сүүлийн хэдэн сар нэлээд төвөгтэй байдалд орж түр зогслоо. Дараа нь Орон сууцны ипотекийн зээлийн бүхий л тогтолцоог Ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэх хууль, журам гээд олон ажлыг хийж  дуусгах гээд хугацаа нэлээн авлаа. Найман хувийн хүүтэй  зээлийн тухайд сүүлийн 2 хоногт 698  зээлдэгчид 43 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Энэ төрлийн  зээл  хэвийн тогтвортой горим руу шилжиж байгаа учраас цаашид байнга үргэлжилнэ.  Ийм тогтолцоонд шилжсэн.  

-Орон сууцны ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийг тодорхой байршилд орон сууц авсан иргэд авах эрх бүрдээд байна. Бусад  иргэдийн хувьд ийм боломж хэзээ бүрдэх бол?

-Орон сууцны ипотекийн  зээлийн хүүг  5 хувь  руу шилжүүлэх нь төвөгтэй сорилт шаардсан шийдэл. Бүгдийг  5 хувьд  шилжүүлэх эдийн засгийн боломж өнөөдөр манайд алга. Тиймээс бид бусад чухал тэргүүн зорилтуудтайгаа хавсарсан шийдвэр гаргалаа. Нөгөө л агаарын чанар,  шинэ суурьшлын  бүсэд тархаж суурьших, төвлөрлийг сааруулах гээд. Дээр нь “хэзээ вэ” гэсэн асуултыг манайхан их тавьдаг. Манай эдийн засаг сайжрах цаг хугацаатай л холбоотой.  Бидний төсөөлж байгаагаар хугацаа орохоор байна. Тиймээс иргэд 5 хувийн хүүтэй зээлийг  хүлээх, 8 хувиар зээлээ авах эсэхээ бодож шийдвэрээ  гаргах хэрэгтэй  байх. Гэхдээ 8 хувийн хүүтэй  зээл тийм ч муу зээл биш. Хөнгөлөлттэй нөхцөл хангалттай орсон сайн зээл. Банкууд 5 хувийн зээлийг  багцлаад үнэт цаасжуулахад үнэт цаасны хүү бага болж ирж байгаа учраас  8 хувь, 5 хувийг хооронд нь хольж үнэт цаасжуулах алхам руу орсон. Үүнд л жаахан хүндрэл гарч  байна.   

-Энэ  их зээлийн хөнгөлөлт  нөгөө талд улсын төсөвт ямар  татаас,  хүндрэл  бэрхшээл  үүсгэж байгаа бол?  

-Одоо  хүртэл  8  хувийн хүүтэй  зээлийн  зардал Монголбанкин дээр зардал болоод явж байна. Цаашдаа ч иймэрхүү төвөгтэй байдал гарах л байх. Бид ипотекийн зээлийн санхүүжилтийн үндсэн хөрөнгө оруулалтын тогтолцоог ирээдүйн тэтгэврийн нөөц сан дээр хуримтлуулж  ажиллахаар  шийдсэнТэр сан алдагдалд орох нь гэж битгий бодоорой. Санд  орсон мөнгө үржиж байх нөхцөлийг бүрдүүлсэн. УИХ-ын шийдвэрээр алдагдлыг Монголбанк хүлээж байгаа. Төсөвт ямар нэгэн алданги, дарамт байхгүй.  

-Монголбанк хэрэглээ, импортыг бус ажлын байр, экспортыг дэмжсэн  зээлийн хүүгийн бодлого баримтлан хэрэгжүүлэхээ  мэдэгдэж  байсан.  Тиймээс үйлдвэрлэл дэмжсэн зээлийн хүү дээр ямар өөрчлөлт орох бол?

-Зээлийн хүүг ерөнхийд нь авч үзвэл хэд, хэдэн асуудал байдаг. Зээлийн бүтээгдэхүүн тухайн зээлдэгчийнхээ хэрэгцээнд  зөв тохирч чадаж байна уу гэдэг нь гол үзүүлэлт. Тохирохгүй  бүтээгдэхүүнээр санхүүжүүлчихээр үр дүн гарахаас өмнө зээлийнх  нь хугацаа дуусчихдаг. Багагүй хугацааны дараа ашиг олохоор байхад өндөр хүүгээс болоод компанийн санхүүгийн эх үүсвэр нь  барагдчихдаг гээд асуудал бий. Тиймээс  бид  санхүүгийн зах зээлийнхээ хөгжлийг түргэтгээд  санхүүгийн  зах зээлд   байдаг бусад орнуудад хэвшсэн  тогтолцоонуудыг бий болгох  ажлаа хурдан хийж дуусгахыг зорьж байна. Ингэснээр зээлдэгчдэд өөрт нь тохирсон бүтээгдэхүүнийг хүргэх боломж бүрдэж байгаа юм.

Зээлийн хүү буулгах гэдэг нь асуудлын зорилго нь биш. Тохирсон санхүүгийн бүтээгдэхүүнтэй байх нь гол. Банк гэдэг байгууллага иргэд олон нийт, гадаадаас зээлсэн мөнгөн дээрээ өөрийнхөө үйл  ажиллагааны зардал, тодорхой хэмжээний ашиг, алдагдал зэргийг нэмээд бусдад зээлэх замаар бизнес хийдэг улсууд. Тэр утгаараа хадгаламжийн хүүгийн тухай ярилгүйгээр  зөвхөн зээлийн хүү яриад ирэхээр банкны бизнес ашиггүй болж банк “тамирдаад” ирдэг. Бага хүүтэй мөртлөө ерөөсөө зээл нь олддоггүй байснаас ямар ч гэсэн зээл нь хүрэлцээтэй, олдоцтой байх нь эхний том зорилт.  

Дараа нь зээлийн гэрээн дээр хүүгээс гадна барьцаа нь юу байх вэ, ямар хугацаатай байх вэ,  горим нь яаж хийгдэх вэ, юунд зориулагдах юм зэрэг нөхцөл нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг.  Энэ агуулгаараа бид Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч “Зээлийн хүү бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд явж байна. Энд сүүлийн үед бий болсон хамгийн том өөрчлөлт бол энэ оны 9 сараас хэрэгжиж эхлэх Хөдлөх хөрөнгийн барьцаа, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай асуудал. Жижиг, дунд компаниуд үл хөдлөх хөрөнгийн барьцаа  багатай. Тэгсэн мөртлөө хөдлөх хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүний нөөц, авлага нь их байдаг.    Хэрвээ жижиг компани энэ бүгдээ барьцаалж чаддаг болох юм бол тэдний авах зээлийн  хэмжээ өснө. Тэр чинээгээр тэдэнд өөрсдийнхөө хэрэгцээнд тохирсон зээлийг хэрэглэх  боломж бүрдэнэ. Энэ барьцааны тогтолцоон дээр нэмж оруулсан Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль яалт ч үгүй зах зээлд том нөлөө үзүүлнэ гэж тооцож байна.  

Зээл олгодог, авах гэж байгаа, мөн засаг төрийн байгууллагууд ч гэсэн энэ зээлийн барьцаанд  маш сайн анхаарах ёстой. Үл хөдлөх хөрөнгийн барьцаа бол хянахад харьцангуй амар. Нэг газар төвлөрсөн бүртгэлтэй, гэрчилгээтэй, тэндээсээ хөдлөөд явчихгүй. Хөдлөх барьцаа бол  зарагдана, хорогдоно, сэлбэгдэнэ. Энэ хууль хэрэгжүүлэхэд нэлээн бэлтгэл, цаг шаардагдана.    Гадны улс орнуудад ийм хууль хэрэгжиж эхэлснээр зээлийн хүү дунджаар 3-7 нэгжээр буурсан    үзүүлэлт байдаг. Гэхдээ төр засаг нь хэр сайн бэлтгэлтэй байна, түүнээс шалтгаалж зээлийн хүүгийн хувь хэмжээ тогтоогдоно л доо.

-Өнгөрсөн жилийн гуравдугаар сард нэг америк доллар 2000 гаруй төгрөгийн ханштай байсан бол жилийн дараа 2050 төгрөг хүрээд байна. Валютын ханшийн өсөлтийн тухайд та юу хэлэх вэ?  

-Монголбанк валютын ханшийн түвшинд тайлбар өгөх нь зохимжтой биш. Бид валютын ханшийн зах зээлд оролцдог. Гэхдээ огцом хөдөлгөөн, сандрал үүсгэхгүй байх зорилготой хийдэг үйлдэл. Валютыг 2050 төгрөгөөс 1500 болгон хувиргадаг машины жолооч биш. Хоёрдугаарт, аливаа улсын валютын ханш гэдэг бол тэр  улсын эдийн засгийг бусад улсын  үнэлж байгаа үнэлгээ. 130 америк доллар хүрч байсан коксжих нүүрс  40-өөс доош доллар болоод ирэхээр бидний дэлхийн зах зээлээс олж авах хөрөнгө үлэмж хэмжээгээр хомсдож байна. Үүнтэй нийцүүлээд импортын бараа хэрэглээгээ багасгаад, төсвөө ч гэсэн зохицуулж танаж чаддаг байсан бол бид өнөөдөр ийм төвөгтэй байдалд бага орох байсан. Яах вэ, улс төрийн шийдэл байдаг юм уу, Монголбанк түүнийг барьж байх ёстой гээд хариуцах эзэн биш зүйл рүү хандчихаад, эдийн засаг нь өөрөө хийх ёстой өөрчлөлтөө хийхгүй болохоор үр дагавар нь ийм болж байна. Яалт ч үгүй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2011 оноос хойш  тасралтгүй унасаар байна. Үүнийг дагаад бидний хуримтлуулж байсан гадаад валютын нөөц барагдсаар л байна. Үүн дээр макро эдийн засгийн улс төрийн мэдрэмжтэй, тохиромжтой, зохимжтой шийдэл гаргах нэгдмэл сонирхол шийдэл бүрэлдэж өгөхгүй учраас бид ханшийг өөрчлөөд байх нөхцөл бүрдэж чадахгүй байна.

Мэдээж төгрөгийн ханш унахаар зарим нэг импортын барааны үнэ өснө. Долларын зээлтэй хүмүүс хохирол амсана. Зүгээр л муу юмны илэрхийлэл нь энэ ханш байна гэж ярих нь   хэвлэлд дулдуйдсан хөөрлийн нэг хэлбэр. Яг эдийн засгийн шинжлэх ухаан дотор та нар ороод үзвэл бараа бүтээгдэхүүнээ сайн экспортлохын тулд дэлхийн орнууд бүгд нэг, нэгнээсээ өрсөж валютын ханшийг бууруулах гэж оролдож байдаг. Доллар, паунд, евро яагаад ийм үнэтэй байдаг вэ гэхээр бусад валют нь түүнээс  эцсийн бүтээгдэхүүн худалдан авагч зах зээл шүү дээ. Тэр зах зээлд бараагаа зарахын тулд үйлдвэрлэгч орнууд өрсөлдөж, ханшаа бууруулдаг. Бид экспортлогч орон байя гэвэл валютынхаа ханшийг чангаруулахгүй л байх ёстой.

-Засгийн газар 250 сая америк долларын зээлийг оруулж ирлээ.  Өнөөдрийн зах зээлд төгрөгийн ханшид нөлөөлөх хэмжээний хөрөнгө болж чадах уу?  

-2011 онд жилд орж, гардаг долларын хэмжээ  20 тэрбумд хүрч байсан. Одоо багасаад гурав,  дөрөв рүү буучихаад байна. Түүнтэй харьцуулахад жижиг зах зээл учраас бүүр жижиг гэж ойлгож байвал үгүй байх аа. Нэг юмыг ойлгох ёстой. Төгрөгийн ханш унах гэнэ, 50 мянгатын  төгрөг шинээр гарах гэнэ, төгрөг цаас болох гэнэ гэсэн цуурхал байн, байн дэгддэг. Энэ бол хүмүүсийн бараагаа зарах гэсэн бусдын худалдан авах шийдвэрийг хурдлуулахын тулд гаргадаг цуурхал байдаг гэдгийг энэ банкинд олон жил ажиллах явцдаа мэдсэн. Машин, байр, доллар, валют зардаг хүмүүсийн  ашиг сонирхолтой холбоотой. Ер нь төгрөгийн ханш дээш,  доош хэлбэлзэх нь валют зарж байгаа нөхдүүдэд л ашигтай байдаг. Хэлбэлзэх тусам тэдэнд, тогтвортой байх тусам иргэдэд ашигтай. Тиймээс хэвлэлийн байгууллагуудыг би асуудалд мэргэжлийн, мэдрэмжтэй, ул суурьтай хандаасай, мэдээллээ гаргаж байгаасай  л гэж боддог.   

-Тэгэхээр Монголбанк төгрөгийн ханшийн өнөөдрийн энэ хэлбэлзлийг байх хэвийн  үзэгдэл гэж үзэж байна уу?   

-Төгрөгийн ханш сандраад байхаар тийм нөхцөлд хүрээгүй байна. Өнгөрсөн пүрэв гарагт гэхэд л  Монголбанк валютын зах зээлд оролцоогүй. Нэг доллар 2050 төгрөгт хэлбэлзэнэ гэдэг нь  санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалдаа нийцсэн тохиромжтой ханш. Тиймээс ханш ярьж  сандаргах гээд байгаа хүмүүст сэдэв олдохгүй байна л даа.  

Бид өмнөх үеэсээ өргөн хэрэглээний барааны нэлээд хэсгийг үйлдвэрлэдэггүй худалдан авдаг нийгэм өвлөж авсан. Тиймээс ДНБ-тэй тэнцсэн, түүнийг давсан гадаад худалдаа хийдэг учраас  ханшийн хөдөлгөөнүүд гадаад худалдаа эрхлэгчдийн, тэдний хэрэглэгчдийн төлөвлөгөөг ихээхэн нураадаг. Ихээхэн алдагдал бий болгодог. Мэдээллийг дандаа алдагдалд орсон  нөхдүүдээс авч байна. Тиймээс Австрали шиг эдийн засаг нь бүрэн төрөлжчихсөн, өөрийгөө сайн хангаж чаддаг, экспортын бүтээгдэхүүн нь олон төрөлтэй тийм зах зээл шиг валютын ханшийг дураар нь хөдөлгөөд байх боломж хомс. Тэгээд манай экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хамгийн их хэлбэлзэлтэй. Хэрвээ  авто машин хийдэг байсан бол хэлбэлзэл харьцангуй бага байх сан.    

-Хэрэглээгээ хумих, зардлаа танах Мөнгөний бодлого хэрэгжүүлж байдаг.  Гэтэл улсын  төсвийн орлого хумигдаж, алдагдал улам нэмэгдээд байна. Хэрэглээ буурсангүй.   Хүнээр зүйрлэвэл  нэг  хөл нь  өвдчихөөд байна.  Эдгээх ямар боломж,  гарц байгаа бол?   

-Та энэ асуултаа  Засгийн газраас асуугаарай.   

-Засгийн  газар 250 сая америк доллар зээллээ. Ямар нөхцөлтэйгээр оруулж ирсэн юм  бол. Монголбанк тодорхой үүрэгтэй оролцсон байх гэж тооцоод асууж байна л даа?    

-Энэ ёстой Засгийн газрын өөрийнх нь  мэдлийн зүйл учраас бие дааж шийдсэн.    

-Монголбанк  Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.3 хувь байхаар  тооцсон байсан. Гадны мэргэжлийн байгууллага, ажиглагчид  ийм хувьд хүрч чадахгүй гэж үзэж байгаа. Өнөөдөр эдийн засгийн өсөлт ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?  

-Монголбанкны урьдчилсан төлөв Дэлхийн банкнаас нэг их зөрөөгүй. Монгол Улсын эдийн засаг оны хоёрдугаар хагаст сайжрах боломжтой. Гол зүтгүүр нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт. Барилгын салбарын бүтээн байгуулалтад бүртгэгддэг. Тэнд гарч байгаа  бүтээн байгуулалтын өсөлтийн хэмжээгээр эдийн засаг нэмэгдэж сайжирна.

-Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе?

-Гуравдугаар сарын 15-наас хойш малчид 10 хувийн хүүтэй зээлийг ихээр сонирхож, идэвхтэй хэрэглэх шинжтэй байна. Энэ зээлийн зориулалт нь  нарийн заалттай. Малыг эрүүл болгох, эрүүл болгосноор малын түүхий эд, бусад  бүтээгдэхүүнийг чанаржуулах холын зорилттой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын төсөл. Энэ зээлийг авахаар сүүлийн хоёр хоногт 240 хүн 650 сая төгрөгийн зээл хүсч өргөдлөө өгөөд байна. Түүнээс 46 сая төгрөгийн зээлийг олгоод  байна.   Хоёр хоногт 240 хүн хүсэлт гаргасан байдал нь хүмүүсийн хэрэгцээг хангасан зөв бүтээгдэхүүн  болохыг хэлж байна. Цаашид  зээлийг зориулалтын дагуу ашиглаад өндөр чанартай, стандарт хангасан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр нөхцөл, бололцоо энэ ажилд хяналт тавьж байгаа төрийн байгууллагуудаас хамаарна.   

Гэхдээ зээлийн хүү 10 хувь болно гэдэг нь  эцсийн зорилго биш. Зөвхөн үйл ажиллагааны сайхан тал нь. Хонь  малаа хачиг, хувалзнаасаа салгах, өвчин эмгэггүй болгох, стандартын  бүтээгдэхүүн гаргаасай  гэж малчдаасаа хүссэн хэрэг. Ингээд арьс, шир, нэхий өндөр үнэтэй,    чанартай  болоод ирэхээр үндэсний үйлдвэрүүд өндөр түвшинд өрсөлдөх бүтээгдэхүүнийг   үйлдвэрлэх боломж нээгдэнэ.

Ингэж чадахгүй байгаа учраас уул уурхайн хараат байдалд орчихоод  түрүүн бидний ярьсан зовлон салж өгөхгүй байгаад байна. 10 хувийн хүүтэй зээл гэдэг бол Засгийн газрын зоригтой шийдвэр, зоригтой хөшүүрэг. Хэрэгжвэл бид түрүүний ярьсан зовлонгоосоо л салах юм.

-Танд баярлалаа.