СЗХ: ББСБ-ЫН НИЙТ АКТИВЫН ХЭМЖЭЭ ДНБ-ИЙ 2.69 ХУВЬД ХҮРЧ, ӨССӨН

2016-03-25 11:41:31

2015 онд Банк бус санхүүгийн байгууллагууд салбарын хэмжээнд 46.3 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж, 2014 оноос ашгийн түвшин нь 10 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Эдийн засгийн бодит өсөлт 2015 онд саарсан хэдий ч банк бус санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, зах зээлд эзлэх хувь тэлсэн байгааг харж болохоор байна. Банк бус санхүүгийнбайгууллагуудын нийт активын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 2.69 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Нийт активын хэмжээ нэмэгдэхэд Банк бус санхүүгийн байгууллагуудын тоо өмнөхөөсөө 72-оор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Мөн нийт олгосон зээлийн хэмжээ 29.1 хувиар өсч, 391.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын олгосон нийт зээлийн 9.8 хувь нь чанаргүй зээл байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.5 хувиар өсөөд байна. Эдийн засгийн өсөлт удааширч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч байгаагаас арилжааны банкууд зээл олголтод тавих шаардлагаа өндөрсгөснөөс Банк бус санхүүгийн байгууллагуудын эрэлтийг эрс нэмэгдүүлсэн гэж зохицуулах байгууллага үзэж байгаа аж. Мөн зээлийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Банк бус санхүүгийн байгууллагуудын тоо олширч, чанаргүй зээл нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Тиймээс цаашид зохицуулагч байгууллагуудын зүгээс Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон бусад санхүүгийн зохистой харьцааны үзүүлэлтүүдийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос онцолж байна. 2015 оны байдлаар тусгай зөвшөөрөлтэй 450 Банк бус санхүүгийн байгууллагын гуравны нэг нь буюу 136 нь гадаад валютын арилжаа эрхэлж байгаа бөгөөд үүнээс 52 компани гадаад валютын арилжааг дагнан эрхэлж байгаа ажээ.