“Бизнес хөгжил” буланд Монголын Эдийн засгийн форум ТББ-ын захирал Б.Лакшмиг урилаа.

2016-04-25 11:32:28

-Өнгөрсөн сард Монголын эдийн засгийн форум болж өндөрлөлөө. Энэ уулзалтад оролцсон бизнесийнхний хүлээлтэд хариулт өгч чадсан уу? 
-Монголын эдийн засгийн форумаар бид бизнесийн болон гадаадын хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлуудыг оруулж хэлэлцсэн. Сургамж, сорилт, шийдэл гэсэн уриан доор зохион байгуулсан.

Энэ утгаараа ч бид өнөөгийн үүссэн нөхцөл байдлаас ямар сургамж авав, ямар сорилтууд тулгарч байна, үүний шийдлүүд юү байхыг хамтран хэлэлцсэн. Нэг талаас бизнесийнхэн юу хүсч байгаа, нөгөө талаас төр засаг юу хийж, төлөвлөж буйг сонсохыг хүсч байгаагаа хэлж байсан.

Түүнчлэн тогтвортой байдлыг хэрхэн хангаж болох талаар бизнесийнхэн илүүд сонирхсон. Энэ бүхнийг нэгтгээд юуг хийх шаардлагатай вэ гэдэг гаргалгаа чухал байсан гэж бодож байна. Мөн манайд үйл ажиллагаа явуулж байгаа, салбар бүрийн мэргэжлийн холбоод, ассоциациуд дорвитой ажиллаж, чадвахижих хэрэгтэй байна.

Тэдгээр байгууллагууд чадвахижсанаар салбарынхаа бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжийн чадамжийг дээшлүүлэх, эрх ашиг болон үйл ажиллагааг тогтвортой байлгах, цаашилбал зах зээлийн судалгаа шинжилгээний ажлыг мэргэжлийн төвшинд хийдэг байх нь зүйтэй.

-Мэргэжлийн холбоодыг чадвахижуулахын тулд юу хийх хэрэгтэй байна вэ?
-Миний бодлоор салбар бүрт 2-3 холбоо, ассоциаци байгаа нь хүчгүйдэх, үр ашиггүй нэр төдий харагдах нөхцлийг бүрдүүлж байна гэж боддог. Уг нь салбар бүрт чадалтай ганц холбоо эсвэл ассоциаци байхад л үр дүн өөрөөр харагдана. Тухайлбал, газар тариалангийн салбарт 2-3 холбоо байгаа, Ноос ноолуурын салбарт гэхэд бас 2-3 холбоо байна.

Гэтэл тэдний аль нь ч салбартаа үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Тиймээс чадвахижуулахын тулд ижил чиглэлийн холбоод нэгдэх хэрэгтэй байна. Ингэснээр боловсон хүчний хангалттай нөөцтэй болно, нэгдмэл бодлого, үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Тухайн салбарын судалгаа, зах зээлийн чиг хандлага, багтаамжийн судалгаа хийх, мэргэжлийн зөвлөгөө зэрэг ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд хийх нөхцөл бүрдэнэ.

Энэ нь одоо ажил үйлчилгээ явуулж байгаа компани болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болно. Судалгаа дутмаг байгаагаас тухайн салбарт хэрэгжиж буй төслүүд амжилтад хүрч чадахгүй байна. Тиймээс мэргэжлийн ассоциаци болон холбоод хараат бус хэлбэрээр нэгдэн зохион байгуулагдаж бэхжих хэрэгтэй.

-Манай улсын эдийн засаг хямарч байгаа энэ үед борлуулалт эрс буурч байгаа нь бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болж байна. Бид энэ нөхцлөөс хэрхэн гарах вэ. Магадгүй 2018 оноос эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байгаа гэдэг ч энэ хугацааг үйлдвэрлэгчид хүлээх, даван туулах гэдэг санааны зоргоор бүтэхгүй гэх юм?
-Бид эдийн засаг өндөр өсөлттэй жилүүдэд хуримтлал үүсгэх учиртай байсан. Мөн эдийн засгийн сөрсөн бодлого явуулах ёстой байсан.

Гэвч тэгж чадаагүй. Хуримтлал үүсгэсэн компаниудын хувьд одоо тулгарч байгаа зах зээлийн шалгуурыг даван туулах чадвар байгаа гэдэгт итгэдэг. Үнэн хэрэгтээ хувь хүн, аж ахуйн нэгжүүд хуримтлал үүсгэх талд анхаарлаа хандуулахгүй байгаа нь бэрхшээлийг, эдийн засгийн хямралыг даван туулах дархлааг сулруулж байгаа юм. Ялангуяа даяаршиж байгаа энэ цаг үед дан ганц өөрөөс хамааралтай зүйл гэж огт байхгүй. Зөвхөн эдийн засагч биш, бүхий л зүйл хоорондоо гинжин холбоотой байдаг. 

Тухайлбал, 2007-2008 оны санхүүгийн хямрал АНУ-аас эхэлж байсан. Тухайн үед хуримтлал үүсгэсэн улс орнууд даваад гарсан юм шүү дээ. Ер нь эдийн засаг байнга өсөлттэй байдаггүй гэдгийг хүмүүс мэддэг. Өөрөөр хэлбэл, айлын орлого нэг сардаа өндөр байхад, дараагийн сард буурч байдгаас харж болно. Тухайн өрх сардаа орж ирсэн орлогоороо хэрэглээ, хэрэгцээгээ зохицуулдаг.

Харин чамбай айлын хувьд илүү орлого олсон үедээ хадгаламжид хийдэг. Гэтэл орж ирснийх нь хэрээр үрээд дуусгадаг өрх бий. Манай улсын хувьд ийм л замыг туулсан. Харин эдийн засагт орох урсгал татарсан үед хүндрэл тулгарахаар туулах бэрхшээл нь илүү хүнд тусч байгаа юм. Эдийн засаг өсөлттэй байх үед хуримтлал бий болгох хэрэгтэй гэдэг сургамжийг бизнес төдийгүй хувь хүмүүс ч авсан. Нөгөө талаасаа хямрал гэдэг бол боломжийг бий болгодог.

Нэг талаасаа олон жил яриад шийдэж чадахгүй асуудлуудаа цэгцлэх боломж бүрдэж байгаа юм. Байгалийн шалгарлаар зөв төлөвлөлттэй бизнес нь харин ч бүр томрох, ирээдүйд үнэ цэнэ хүрэх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хямд үнээр авах боломжийг бий болгодог.

-Сүүлийн үед манай улс гаднаас санхүүгийн эх үүсвэр татахдаа зээл авч байна. Мэдээж энэ нь ам.доллараар төлөгдөх нөхцөл нь давамгайлдаг. Ханшийн өсөлт цаашид хэрхэх вэ гэдэг прогноз нь тодорхойгүй үед эрсдэл гарах вий гэсэн болгоомжлол байна?
-Хэдийгээр орж ирж байгаа нь таатай ч, эргүүлээд төлөх нөхцлийг сайтар анхаарах хэрэгтэй. Хэрэв ам.долларын ханш цаашдаа өсөх хандлага ажиглагдвал эргэн төлөлтөд хүндрэл учирна.

Тухайлбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд ам.долларын ханш тасралтгүй өссөн. Статистик судалгаанаас харахад зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан. Үүнд валютын зээл илүү нөлөөлсөн байгаа юм. Жишээлбэл, арилжааны банкнаас 10 мянган ам.доллар зээлсэн байна гэж бодъё. Гэтэл ханшийн өсөлтөд тухайн зээлдэгчийн нэг сард төлөх мөнгөн дүн өснө. Энэ нь урт хугацаандаа анх төлөвлөснөөс ч илүү зардал гарч байгаа гэсэн үг.

Тиймээс манай улсын гаднаас зээл авахдаа эргэн төлөлтийн хуваарьтаа тухайн үеийн ханш болон цаашид хэрхэх вэ гэсэн судалгааны мэдээллийг ашиглах хэрэгтэй. Гадны орныхонд ийм туршлага бий. Тэд тухайн валютын өсч буурах хэлбэлзлийг тодорхойлон эргэн төлөх үед өсвөл энэ хэмжээнд, буурвал энэ заагт байлгана гэж гуравдагч этгээдтэй гэрээ хийж баталгаажуулснаар эрсдэлийг бууруулдаг. Үүнийг манайх бас нэвтрүүлэх учиртай. Одоогоор энэ нөхцөл манай арилжааны банк болон бусад зээлд тусгагддаггүй юм.

Д.Оюунчимэг