Гадаад худалдааны ашиг 2.2 дахин өсөв

2016-04-25 11:34:50

Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Монгол Улсын гадаад худалдааны ашиг 379.6 сая ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 2.2 дахин нэмэгдсэн байна. Хэдий тийм боловч гадаад худалдааны нийт бараа эргэлт 22 хувиар буурч, 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт, импорт аль аль нь буурсан хэвээр байна. Экспортын хэмжээ жилийн өмнөхөөс 12.3 хувиар буурч, 1.1 тэрбум ам.долларт хүрсэн бол импортын хэмжээ 33.7 хувиар буурч,724.4 сая ам.доллар болжээ. Экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээс алтнаас бусад бүтээгдэхүүний импорт буурсан байна. Энэ оны эхнээс энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд 551.8 сая ам.долларын зэсийн баяжмал, 124.3 сая ам.долларын нүүрс экспортолжээ. Импорт бууралтын дийлэнх нь түлш, шатахуун, автомашины импортын бууралтаар тайлбарлагдаж байна. Өнгөрсөн оны мөн үед 10.3 мянган суудлын автомашин импортлоод байсан бол энэ сарын 15-ны байдлаар 9000 орчим суудлын автомашин импортолсноос харахад 13 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн дизель түлш, шатахууны импорт 40-55 хувиар буурсан болохыг статистик мэдээллээс харж болохоор байна. Үүний зэрэгцээ Засгийн газраас импортын тарифын зохицуулалт хийж, 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй төрлийн барааны гаалийн албан татварыг нэмэгдүүлэхээр шийдээд байна. Тодруулбал сүү, сүүн бүтээгдэхүүн, ноосон эдлэл, барилгын зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татвар ирэх сараас эхлэн нэмэгдэхээр болж байна. Импортын тарифын зохицуулалт хийснээр үйлдвэрлэгчид дотоод зах зээлээ хамгаалах боломжтой болно гэж эрх баригчид үзэж байгаа юм.