“Багануур” ХК нэмэлт хувьцаа гарган, 26 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ

2016-07-04 14:38:24

Багануур” ХК 9 сая 870 мянга 287 ширхэг хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан өнөөдөр олон нийтэд арилжлаа. Нэмж гаргаж буй хувьцааны тоо ширхэг тус компанийн нийт хувьцааны 32 хувьтай тэнцлээ.

Олон нийтэд санал болгож буй нэгж хувьцааны үнэ 2650 төгрөг юм байна.

“Багануур” ХК-ийн нийт хувьцааны 32 хувийг олон нийтэд арилжаалж эхэллээ. Ингэснээр тус компани дахь төрийн эзэмшлийн хувь 75-аас 51 хувь болж буурах юм.

Тус компани 5000 орчим жижиг хувьцаа эзэмшигчтэй. Эдгээр иргэд болон “Багануур” ХК-ийн хувьцааг эзэмшдэг ААН-үүд шинээр гаргасан хувьцаанаас юуны өмнө худалдан авах давуу эрхтэй. Гэхдээ тэд одоо эзэмшиж буй хувьцааны тоотой ижил хэмжээний хувьцааг л худалдан авах эрхтэй. Тавин ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн нэмж 50 хувьцаанд л хөрөнгө оруулах боломжтой гэсэн үг юм.

Өнөөдрийг хүртэл Засгийн газар “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшиж, үлдсэн 25 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байв. Энэхүү 25 хувийн 21-ийг Mongolian national coal corporation эзэмшдэг. Түүнээс өмнө МАК энэ хувийг эзэмшиж байгаад 2013 онд АНУ-ын Firebird санд худалдан, тэднээс Mongolian national coal corporation-д шилжжээ. Одоогийн хувьцаа эзэмшигчид давуу эрхээ эдлэн захиалгаа өгч дууссаны дараа үлдсэн хувьцааг нээлттэй арилжих үйл явц эхлэх юм.

Нэмэлт хувьцааны анхдагч зэх зээлийн арилжаа өнөөдөр эхэлж, маргааш дуусна. Яагаад хоёрхон өдөр үргэлжилж байгааг лавлахад “Багануур” ХК-ийн захирал Ё.Отгонбаяр “Хуульд ажлын хоёр өдөр гэж заасан байдаг” гэж хариулав.

Маргааш арилжаа дуусахад тус компани хөрөнгийн зах зээлээс 26 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх зорилготой. Энэ мөнгөөр парк шинэчлэлт хийн, хуучны тоног төхөөрөмжүүдээ шинэчлэхээр төлөвлөжээ. Хамгийн сүүлд 1990-ээд онд Японы тусламжтайгаар хөрөнгө оруулалт хийснээс дахин Багануурын уурхайд хөрөнгө оруулаагүй аж.  "Багануур"-ын ТУЗ шинээр худалан авах технизийнхээ жагсаалтыг ч баталжээ. 13 хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-д Сангийн яам, Эрчим хүчний яам, УУЯ төрийг төлөөлдөг юм. Мөн Mongolian national coal corporation-ий төлөөлөл багтдаг байна.  

“Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иуд ДЦС 3, 4-ийг нүүрсээр хангадаг. Нийслэл хот тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Мөн  Багануурт шинэ станц барих тул нүүрс шаардлагатай. Иймд “Багануур” ХК тоног төхөөрөмжөө шинэчлэн, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага үүсчээ.   

2015 оны УИХ-ын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоолоор 17 ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувийг бууруулан, нэмэлт хувьцаа гарган өөрчлөн байгуулах гэж шийдвэрлэсэн. Энэ дагуу энэ оны эхэнд “Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг хувьчилсан бол өнөөдөр “Багануур” ХК-ийн нийт хувьцааны 32 хувийг олон нийтэд арилжаалж эхэллээ. Ингэснээр тус компани дахь төрийн эзэмшлийн хувь 75-аас 51 хувь болж буурах юм.

 “БАГАНУУР” ХК-ИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?

Баруун гар талаас М.Болор, Ё.Отгонбаяр, Б.Ариунболд

Нүүрсний үнэ буурсан, борлуулж буй өртөг нь олборлож буй зардлаа нөхөхгүй байгаа тул “Багануур” ХК алдагдалтай ажиллаж байна. Гэхдээ санхүүгийн тайлан баланс дээр ашигтай гэж тэмдэглэжээ. Олон улсын санхүүгийн бүртгэлийн стандартад нийцүүлэн, тайлан бүртгэлээ гаргахад хөрс хуулалтыг капиталжуулдаг. Ингэхээр зардал бага гарч байгаа юм.

Нүүрсний үнэ буурсан ч тус компани ажилчдаа цомхтгоогүй байна. Харин ч бизнесээ өргөтгөх төлөвлөгөө боловсруулан, салбарын яам, Засгийн газарт хүргүүлжээ.

Хөрөнгийн биржийн захирал М.Болор “1978 онд “Багануур” ХК-ийг байгуулснаас хойш 103 сая  тонн нүүрс олборлосон. Тэд дангаараа Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувийг хангадаг. 2013 оноос хойш борлуулалт нь байнга өсөж байна. Тус уурхай технологио шинэчилснээр төвийн бүсийн эрчим хүчнээс гадна Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн ДЦС-ууд, 2018 онд ашиглалтад орох ДЦС 5-д нүүрс нийлүүлэх боломжтой болно” гэв.        

Өнөөдөр эхэлж буй арилжааны андеррайтер компаниар TDB Capital ҮЦК ажиллаж байна. үнэт цаас гаргагчийн ("Багануур" ХК) нийтэд санал болгосон үнэт цаасыг худалдан аваагүй нөхцөлд тухайн үнэт цаасыг гэрээгээр тохиролцсон үнээр худалдан авах баталгааг андеррайтер гаргажээ.   

Тус компани одоогоор ямар ч ноогдол ашиг хуваарилаагүй байна.