Монголын эдийн засаг дахь Оросын оролцоо үлэмж багаслаа

2016-07-04 14:42:45

Өнгөрсөн Лхагва гаригт болж өнгөрсөн хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн дүн  ялсан, ялагдсан аль алиныг шоконд орууллаа. 2012 оноос дөрвөн жил засгийн эрх барьсан Ардчилсан нам ялна гэсэндээ бат итгэлтэй байсан ч УИХ-д дөнгөж бүлэг байгуулах төдий буюу есөн суудал, харин ялагдана гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байсан МАН 65 суудал авч үнэмлэхүй олонхи боллоо. Сонгуулийн шөнө хоёр намын дарга хэн хэн нь гарсан дүнд итгэж ядаж байсан гэдэг. Сонгуулийн санал хураалт дууссанаас хойш ялалт, ялагдлын шалтгааныг хэвлэлүүд хангалттай бичиж байна. Ардчилсан намын ялагдлын нэг шалтгааныг сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын мэдлийн 49 хувийг монголчууд худалдан авсан тухай Ерөнхий сайдын мэдээлэл байсан хэмээн бичиж байна. Монгол улсын төсвийн орлогын 400-500 тэрбум төгрөгийг төвлөрүүлж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд шилжсэн нь гэдэг бол яах аргагүй сайн мэдээ. Гэвч, монголчуудын би л авч чадаагүй бол бусдад хүртэх ёсгүй гэсэн ахархан бодлыг МАН дэврээж чадлаа. Чухамхүү “Эрдэнэт”-ийг хуйвалдан авлаа, хятадуудад өгөх нь гэсэн мэдээ тээнэгэлзэж байсан сонгогчдын саналыг эргүүлсэн байх магадлал өндөр.

Сонгуулийн өнгийг нь орхиж, эдийн засгийн утгаар нь авч үзвэл Монголын эдийн засагт “Эрдэнэт”-ийн 49 хувь ирж байгааг талархан хүлээн авах учиртай. “Эрдэнэт” үйлдвэр нь хуучин социализмын үед байгуулагдсан Монгол-Оросын хамтарсан том төслийн нэг. Үүнээс гадна мөн 49 хувь нь оросуудын мэдэлд байсан “Монголросцветмет” компанийг мөн монголчууд эзэмших боллоо. Эдгээр компанийн 49 хувь ОХУ-ын Засгийн газрын мэдэлд байсныг тус Засгийн газрын шийдвэрээр 2008 онд “Ростех” компанийн мэдэлд шилжүүлсэн юм. “Ростех” компанийг 2007 онд төрийн мэдлийн компаниудыг нэг дор төвлөрүүлэн, удирдлага менежмэнтийг нь сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан. Өнөөдрийн байдлаар “Ростех”-ийн бүрэлдэхүүнд 700 гаруй аж ахуйн нэгж харъяалагдаж байгаагийн дотор батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын есөн холдинг багтаж байна.

“Ростех” компанийн албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээгээр “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн эзэмшлийг Монголын талд шилжүүлэх гэрээг зургадугаар сарын 24-ний өдөр байгуулсан байна. Гэрээг зургадугаар сарын 23-24-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр зуржээ. Эзэмшлийн хувь шилжүүлэх үйл явц хуулийн хүрээнд, хоёр талын ашиг сонирхлын хүрээнд, харилцан ашигтай явагдсаныг онцолсон байна.

Энэ гэрээ хийгдсэнээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн 51 хувь Монголын төрийн мэдэлд хэвээр, харин үлдсэн 49 хувь нь “Монголын зэс” корпорацийн мэдэлд очиж байгаа юм. Монгол дахь хамтарсан үйлдвэрүүдийн 49 хувийг ийнхүү мөнгөжүүлэх шийдвэр нь “Ростех”-ийн 2025 он хүртэлх хөгжлийн стратегид тусгагдсаныг онцолжээ. Гэрээний үнийг 500 сая ам.доллар гэсэн мэдээлэл бий. “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн хувийг зарсан нь “Ростех”-ийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй мөнгөн хөрөнгө орж ирсэн тохиолдол болсоныг тус компанин Ерөнхий захирал Сергей Чемезов хэлжээ. "Ростех" үнийн дүнгийн хувьд энэ удаагийнхаас илүү өндөр дүнтэй хэлцлийг амжилттай хийж байсан. Тухайлбал, 2012 онд "ВСМПО-Ависма"-гийн 45 хувийг 970 сая ам.доллараар зарсан ч өр ширэнд суутгуулсаар бэлнээр 181 сая ам.доллар авч байжээ.

Хэдийгээр энэ хоёр хувийг зарж байгаа ч Оросын тал Монголын эдийн засагт илүү үр ашигтай салбарт, тухайлбал, эрчим хүч, ложистик, зарим ашигт малтмал, тухайлбал, литийн олборлолт, мөн дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхол байгааг тэмдэглэжээ. Гэсэн ч “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет”-ийн 49 хувь монголчуудын мэдэлд очсоноор Монголын эдийн засаг дахь Оросын хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн буурч байгаа юм. Хоёр хөрштэй хийж буй эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд аль эрт тэнцвэр алдагдаж, Оросын талынх үлэмж буурч, Хятадын талынх тэр хэмжээгээр нэмэгдэж буй энэ хандлага улам бүр нэмэгдэх болж байна.

Зэс баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 1978 оноос ажиллаж байгаа бөгөөд жилдээ 26 сая тонн хүдэр олборлож, 530 мянган тонн зэс, 4,5 мянган тонн молибден үйлдвэрлэдэг. Харин “Монголросцветмет” 1973 онд байгуулагдсан. Алт, жонш, төмрийн хүдэр олборлодог.

ОХУ-ын санхүү, бизнесийн мэдээллийн “КоммерсантЪ” сонинд эдгээр хоёр үйлдвэр ОХУ-д ашиггүй байсан учраас энэ хэлцэл явагдсан хэмээн бичжээ. Оросууд гадаад дахь социализмын үеийн хөрөнгөнөөсөө саллаа хэмээн тус сонин онцлоод сүүлийн жилүүдэд монголчуудын хяналт, татварын хатуу дэглэмийн улмаас оросууд өөрийн хөрөнгийг ашигтай байлгаж чадахгүй байсан хэмээжээ.