Нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгийг давлаа

2016-08-11 10:08:22

2016 оны эхний хагас жилийн байдлаар бүтэн жилийн төлөвлөсөн алдагдлаас даваад байгаа нэгдсэн төсвийн нийт алдагдал долдугаар сарын дүнгээр 1.9 их наяд төгрөгт хүрч, өссөн байна. Төсвийн орлого, зарлага талдаа аль аль нь өмнөх оны мөн үеэс тааруу гүйцэтгэлтэй байхын зэрэгцээ төлөвлөснөөс дутуу биелсэн байна.

Тухайлбал Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2016 оны долдугаар сарын гүйцэтгэлээр гурван их наяд төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 17.8 хувиар буюу 657.4 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар буюу 102.7 тэрбум төгрөгөөр бага байна. Харин зарлага талаас Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2016 оны долдугаар сарын байдлаар 5.5 их наяд төгрөгөөр төлөвлөгдсөнөөс таван их наяд төгрөгийн буюу 91.0 хувийн гүйцэтгэлтэй байсан байна.

Харин улсын төсвийн зарлага 3.9 их наяд төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3.8 их наяд төгрөгийн буюу 97.1 хувийн гүйцэтгэлтэй гарсныг Сангийн яамнаас мэдээллээ. Төсвийн алдагдлыг яаралтай тодотгох шаардлагатай байгаа энэ үед Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан баг 2016 оны төсөвт тодотгол хийх тодотголын төслийг боловсруулж байгаа юм. Эхний хувилбар бэлэн болмогц Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барих эсэхээ шийднэ гэж эх сурвалж мэдээлж байна.

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор компаниудын орлого буурч, төсөвт төвлөрөх татварын орлого, гадаад худалдааны бууралтаас шалтгаалсан импортын барааны НӨАТ гээд төсвийн орлого буурах нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Оны эхний долоон сарын байдлаар урсгал зардалд нийт 3.7 их наяд төгрөгийг зарцуулсан бөгөөд үүнээс цалин хөлсний зардал нэг их наяд төгрөг байна. Дотоод болон гадаадаас татсан санхүүжилтийн хүүгийн зардалд 403.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Мөн татаас хэлбэрээр 120.1 тэрбум төгрөгийг зарлагадсан байна. Урсгал шилжүүлэг өндөр дүнтэй байгаа бөгөөд 1.3 их наяд төгрөгийн Засгийн газрын болон бусад урсгал шилжүүлгийн зардал гарчээ.

Оны эхний долоон сарын хугацаанд гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 66.5 тэрбум төгрөг, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 705.8 тэрбум төгрөг, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 287.9 тэрбум төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

Харин төсвийн эх үүсвэр талд дэмжлэг үзүүлэх хэд хэдэн төрлийн санхүүжилтийг гадаад болон дотоод зах зээлээс төвлөрүүлжээ. Үүнд 298.3 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл, 612.1 тэрбум төгрөгийн төслийн бус гадаад зээл тус тус авч, Засгийн газрын 719 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, 1,021.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад, 417.6 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод бондыг арилжаалсан гүйцэтгэлтэй байна.

О.Одгэрэл