"Монголын хөрөнгийн зах зээлд боломжууд хаагдаагүй байна"

2016-08-24 09:58:04

“Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Ангар

 

"Эдийн засгийн хямрал гүнзгийрч, төсвийн данс улайж, эдийн засаг мөнгөний хомсдол бий болсон энэ үед бизнест эргэлтийн хөрөнгө, банкны өндөр хүүгүй хөрөнгө оруулалт юунаас ч чухал болоод байна. 

Тиймээс нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа идэвхтэй ажиллаж ирсэн 10 гаруй залуу нэгдэж, "Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо"-г байгууллаа. Олон бэрхшээл тулгамдаж байгаа ч Монголын хөрөнгийн зах зээлд боломжууд хараахан хаагдаагүй. Олон нийтийн ойлголт, хамтын хүчийг нэгтгэж чадвал гадаад төдийгүй дотоодын хөрөнгийн зах зээлээс бизнесүүдэд хямд эх үүсвэртэй санхүүжилт татах, улмаар ганц тулгуурт өнөөгийн санхүүгийн системийн бүтцийг өөрчлөх, хөрөнгийн зах зээлээ өргөжүүлэх замаар эдийн засгийн хямралыг гэтэлгэх боломж бидэнд байна.

Хөрөнгийн бирж өндөр хөгжсөн орнуудад тухайн улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч байдаг. АНУ-ын насанд хүрсэн нийт иргэдийн 50-60 хувь нь хөрөнгийн зах зээл дээр тодорхой хэмжээний хувьцаа эзэмшдэг. Ингэснээр жил бүр тогтмол орлого олдог. Харин Монгол Улсын иргэд зөвхөн цалингийн орлоготой. Иргэд хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулалт хийснээр байнгын орлоготой болох юм.

Хөрөнгийн бирж 100 хувь төрийн өмч байж ирсэн учраас өрсөлдөх чадвар маш багатай, өнөөдрийг хүртэл  эдийн засагт оруулсан хувь нэмэргүй явж ирлээ. Иргэд хөрөнгийн биржийн үйл ажиллагааг ягаан, цэнхэр тасалбараар л төсөөлж ирсэн" хэмээн ярилаа."Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо" нь мэргэжлийн холбоо байдлаар биш харин олон нийтэд чиглэсэн, гишүүнчлэл нь нээлттэй байдлаар үйл ажиллагаа явуулах юм байна.Монголын санхүүгийн систем сүүлийн 25 жилийн туршид арилжааны банк хэт давамгайлсан бүтэцтэй явж ирлээ. Нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг арилжааны банкууд, үлдсэн 5 хувийг Хөрөнгийн бирж болон санхүүгийн бусад үйлчилгээ бүрдүүлж байгаагаас ААН-үүдийн хувьд санхүүжилтийн цорын ганц эх үүсвэртэй болсон юм. 

Түүнчлэн дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, санаачлагуудыг нэвтрүүлэх ажлын хүрээнд доорх ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

  • Анхан болон дунд шатны тогтмол сургалтууд
  • Орон нутагт хөрөнгийн зах зээлийн өдөрлөгүүд
  • Репо арилжаа
  • Краудфандинг
  • Санхүүгийн үүсмэл хэрэгслүүд
  • Эрсдлийн удирдлагын хэрэгслүүд (фьючерс, форвард, опционы арилжаа)
  • Биржийн гадуурх отиси (ОТС) арилжаа
  • Хувьцааны богино арилжаа (short selling,)

Тус холбоо дунд хугацаандаа хувийн хэвшилд суурилсан шинэ хөрөнгийн биржийг байгуулах нөхцлийг бий болгож дотоодын хөрөнгийн зах зээл дэх өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулж, үнийг бууруулах ингэснээр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бий болгохыг зорьж байгаа ажээ.

Мөн Нью Йорк, Лондон зэрэг санхүүгийн төвүүдэд бизнес уулзалтууд, форум зохион байгуулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголтой холбоход гүүр болох чиглэлээр ажиллах юм байна.

                                                                                                                                                                       Эх сурвалж Ikon.mn