О.Орхон: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн төлбөрийг шилжүүлсэн нь ханшид нөлөөлөөгүй

2016-09-06 09:55:42

Арав дахь жилдээ болж буй “Монголд хөрөнгө оруулах нь” хурал өчигдөр Шангри Ла зочид буудалд эхэллээ.   

Хурлын эхний өдөр уул уурхай, АСЕМ-ийн хөрөнгө оруулалт, эдийн засаг, улсын төсвийн өнөөгийн байдал зэрэг олон сэдвийг хөндсөн юм. Банк, санхүү гэсэн хэлэлцүүлэгт манай улсын дөрвөн том банкны гүйцэтгэх захирлууд оролцон, дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн дараа ХХБ-ны захирал О.Орхоноос дараах асуултуудад хариулт авлаа.

-Таны бодлоор сонгуулийн дараа долларын ханш огцом өссөн шалтгаан юу байв?
-Жил бүрийн хавар долларын эрэлт өсдөг. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл үүнд нөлөөлөөгүй. Бизнесийн эхлэл, төгсгөл үе таарсан. Сүүлийн 4-5 жилд энэ үзэгдэл давтагдсан. Шинэ Засгийн газрын мэдэгдэлтэй ч давхацсан. Өөр шалтгаан байгаагүй. Одоо ханш тогтворжлоо. Оюутолгой болон бусад төслүүдийн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр он дуустал ханш тогтвортой байх болов уу. Цагаан сар хүртэл ханш огцом өсөх бодит шалтгаан харагдахгүй байна.

-Танай банк Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан төлбөрөө ОХУ-ын талд шилжүүлсэн нь ханшид нөлөөлсөн үү?
-Та энэ мэдээллийг хаанаас авсан бэ?

-Банкны салбарын мэргэжилтнээс
-Тэгвэл тэр хүнээсээ асуу. Ханшид эрэлт, нийлүүлэлт л нөлөөлнө. Сонгуулийн дараа банкууд болон валют арилжааны төвүүдэд ч эрэлт үүссэн. Олон хүн хадгаламжаа доллар болголоо. Энэ нь аль нэг банкны гадагшаа доллар шилжүүлсэнтэй хамааралгүй. Эцсийн хэрэглэгчийн эрэлт нийлүүлэлт дээр л ханш тогтоно. Сая бол паникийн шинжтэй өөрчлөлт боллоо.

-Хэрэв дахин валютын зах савлавал бодлогын хүүгээ өсгөх үү. Өөр ямар арга хэмжээ авч болох вэ?
-Бодит эрэлт үүсээгүй бол ханш огцом буюу 10-аад хувиар савлахгүй. Засгийн газар төлөвлөгөөгөө зарлахад мөн өөрчлөлт орох болов уу. Өмнө нь долларын зах зээлд хангалттай олон тоглогч байсан. Олон банк доллар худалдан авч, гадны хөрөнгө оруулагч элбэг байв. Тэр үед ийм савлагаа бага байсан. Харин одоо экспорт, импорт хийж буй компаниуд цөөрсөн. Цаашид энэ хүрээг тэлэх ёстой. Ямар нэг үндэслэлгүйгээр зах зээлийг ийм цочролд оруулж болохгүй. Энэ нь иргэд, компаниуд, банкуудад ямар ч ашиггүй.

Мөн Засгийн газрын бодлого тогтвортой байвал хүмүүс бизнесээ урт биш юм гэхэд дунд хугацаанд төлөвлөнө. Ханш ямар үед өсөж буурдаг билээ, хэзээ гаднын хөрөнгө оруулалт татах уу гэдгээ таамаглах боломжтой. Огцом өөрчлөлт олон удаа гарахгүй.

-Танай банк ОХУ-ын талд “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрийг шилжүүлээгүй гэж ойлгож болох уу?
-Бид төлбөрийг барагдуулсан.  

-Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр ипотекийн зээлийг  үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
-Энэ зээлийг үргэлжлүүлэхээс өөр аргагүй. Сүүлийн дөрвөн жилд энэ зээл бидний хэрэглээ болон банкны соёл болж тогтлоо. Метр кв-ын хэмжээ зэрэг зээлийн нөхцөлийг өөрчилж болно. Түүнээс үндсээр нь зогсоож болохгүй. Улс төрийн бодлого дөрвөн жилийн хугацаатай баймааргүй байна. Шинэ засаг гарч ирэхэд 20 жилийн хугацаатай авч болно гээд олгосон зээлийг өөрчилж болохгүй.            

-Зээл олголт зогссон уу?
-Төв банкнаас эх үүсвэрийг зогсоосон. Гэхдээ бид зээлээ судлаад, гэрээгээ хийж байна. Тун удахгүй Засгийн газрын бодлого тодорхой болох байх.

-Төв банк бодлогын хүүгээ өсгөсөн тул энэ зээлийг зогсоох болов уу гэдэг хүлээлт үүссэн.
-Ипотекээс бусад зээлд л бодлогын хүү нөлөөлнө.

-Танай банк гадаад зах зээлээс хөрөнгө босгохоор төлөвлөж байна уу?
-Бид ийм төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Сонгуулийн дараа Монголд улс төрийн тогтвортой  байдал бий боллоо гээд өмнөх Засгийн газрын 10.8 хувийн хүүтэй гаргасан бондын хүү 7 болж буурсан. Мөнгө босгох тааламжтай үе тохиосон ч харамсалтай нь гадны байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан, Сангийн сайд мэдэгдэл хийсний дараа хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалтай болсон. Гэхдээ бид гаднаас бонд босгох ажлаа зогсоохгүй.

-Уул уурхай, барилгын салбар хүнд байна. Одоо банкууд хүндрэлтэй нүүр туллаа гэж зарим судлаач үзэж байна.
-Эрсдэл бий. Гэхдээ бид 2009 оны хямралын үеийнх шиг хүндрэлтэй нүүр тулаагүй байна. Түүнээс хойш манай эдийн засаг ихээхэн тэлсэн. Жишээ нь банкны зээл олголт арав дахин өссөн. Нэг их наяд төгрөгийн чанаргүй зээл байна гэдэг мэдээж их тоо. Гэхдээ банкууд сан байгуулан, 600 тэрбум төгрөгийг зардал болгочихсон байна. Хэдий удаан ч муу зээлийн эргэн төлөлт үргэлжилж байна.  Биднийг зөвхөн барьцаанд тулгуурлан зээл олгодог гэж шүүмжилдэг. Эдийн засаг хүндэрсэн энэ үед барьцааны хөрөнгө бий учраас банкууд дампуурахгүй.

                                                                                                                                           Эх сурвалж gogo.mn