Хөрөнгө оруулалтын чуулганд гадны 200 орчим бизнес эрхлэгч оролцож байна

2016-09-06 09:58:51

Монголд хөрөнгө оруулах нь чуулган арав дарь жилдээ болж байна. Энэ удаагийн чуулганд 1100 орчим төлөөлөгч оролцож байгаагийн 200 нь гаднын хөрөнгө оруулагчид байна. 2006 онд буюу хамгийн анхны жил ердөө 50 төлөөлөгч энэ хуралд оролцож байсан юм.

Долдугаар сард АСЕМ-ийн хурлыг зохион байгуулснаас хойш олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал манай улс руу ханджээ. Мөн шинэ эрх баригчид хэдийнээ тодорсон тул энэ жил оролцогч олон байна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Хурлыг зохион байгуулагч Фронтиэр Сэкьюритис компанийн захирал Маса Игатагаас чухам аль салбарыг хөрөнгө оруулагчид илүүтэй судалж байгааг тодруулав. Тэрээр үл хөдлөх болон банкны салбар гэж хариулав.

Хурлын хоёр дахь илтгэлийг Хоган Ловеллс компанийн ахлах зөвлөх Б.Солонго, ерөнхий захирал Крис Мелвилле нар хамтран тавилаа. Тэд Засгийн газраас өргөн барьсан, татвар нэмэх шинэ хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Эдгээр нь том талбайтай орон сууц, архи тамхины онцгой албан татвар, 2.5 саяас дээш төгрөгийн цалинтай иргэдэд ногдуулах хувь хүний онцгой албан татвар зэрэг юм.

                                                                                                                                        Эх сурвалж gogo.mn