Итгэлийн хэмжүүр болсон Эдийн засгийн чуулганууд

2016-09-12 11:48:48

Томоохон төсөл хөтөлбөрүүдээ гацааж орхичихсон хэрнээ “Бид хойшид тэгэхгүй ээ. Бидэнд итгээч” гэж хэлэх нь ичгэвтэр хэрэг. Гэвч бид хэлсэн. Харин одоо хэлсэндээ хүрэх л үлдлээ-

Жил бүрийн намарт хөрөнгө оруулагчдыг даллан дуудах зорилго бүхий хоёр том чуулга уулзалт Монголд болдог. Энэ жилийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хоёулаа өнгөрсөн долоо хоногт тохиолоо. “Инвест Монголиа” чуулга уулзалт есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд өрнөсөн бол “Дисковер Монголиа” есдүгээр сарын 8,9-ны өдрүүдэд Корпорейт Конвэйшн зочид буудалд болсон юм. Чуулга уулзалтуудын гол зорилго хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Хэдийгээр ганцхан гадаадын хөрөнгө оруулагчдад хаяглаагүй ч дотооддоо хөрөнгө мөнгөний хомсдолд ороод байгаа манай улсын хувьд үндэсний хөрөнгө оруулагчид шинээр хөрөнгө босгох нь хязгаарлагдмал билээ. Тиймээс чуулга уулзалтуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь үндсэн зорилго болон үлдсэн юм.

Харамсалтай нь гадныхан тун цөөн харагдлаа. Монголын эдийн засаг мандан бадарч байх 2011, 2012 онуудад Инвест Монголиа чуулгад оролцогчдын тоо 1700-д хүрч байсан бол энэ жил 400 орчим гадна, дотнын зочид оролцлоо. Тэднээс чухам хэд нь хөрөнгө оруулагч вэ гэдэг нарийвчилсан тоог зохион байгуулагч гаргаагүй байгаа юм. “Дисковер Монголиа”-гийн хувьд ч гадаадынхан тун байсан. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Цөөхөн хэдэн шар толгойтнууд харагдаж байгаа биз. Тэд бол Монголд тэсч үлдсэн хүмүүс” гэж тодотгосон юм. Энэ бол үнэний ортой дүгнэлт. Нэгэнт оруулсан хөрөнгийнхөөүр дүнг харж, үнэ цэнийг бууруулчихгүйн тулд Монголд тэсч үлдсэн хөрөнгө оруулагчдын царай баргар байна. Тэд Монголын төр засгийн болоод татварын орчны өөрчлөлтөөс залхсан нь 14 дэх удаагаа зохион байгуулж буй “Дисковер Монголиа”-д оролцогчдын үгнээс илт байлаа. Тэд шинээр бүрэлдсэн УИХ, Засгийн газраас тогтвортой байдлыг хамгаас илүү хүсч байгаагаа илэрхийлж байлаа. Чуулга уулзалтын сэдэв ч “Тогтвортой байдал”. Уул уурхайн салбарын ашиг орлого хоног, сараар тооцогддоггүй болохоор жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байдаг Монгол төрийн бодлого хөрөнгө оруулагчдыг үргээх хамгийн том шалтгаан гэдгийг олоон жилийн өмнө хэлж байсан, одоо ч хэлж байлаа.

Харин Монголын талаас оролцож, илтгэл тавьсан хүмүүсийн олонх нь шинээр сонгогдсон сайд дарга нар. Тэд өөрсдийн хийх ажлаа танилцуулахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын үнэн үгийг сонсохыг чухалчилж байсан нь сайн хэрэг. Хэрэгжүүлэх тал дээр хэрхэхийг таашгүй учир чууулга уулзалтуудад ач холбогдол өгч, дотоод гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж, мэдээлэл солилцсон нь тэдний хувьд нэмэх оноо болж байна.

Монгол руу “зүглэх” нь зөв үү, аль салбарт хөрөнгө оруулах вэ, нэгэнт оруулсан хөрөнгөө хэрхэн хамгаалах вэ, Засгийн газар ирэх дөрвөн жилд тогтвортой байх уу, ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн асуултуудад хариулт хайсан гадныхан эерэг хариу сонссон эсэх нь эргэлзээтэй.Монголын нийгэм, эдийн засгийн байдал тааламжтай бус, дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн бүтээгдэхүүн хямд байгааг тэд бүхнээс илүү мэдэж, мэдэрчихсэн байгаа. Мөн олон улсын үнэлгээний Moody’s агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг B3 болгон бууруулсан, Засгийн газар, Монголбанкны мэдэгдэл гадаад орчинд сөрөг мессэж болсон зэрэг эерэг бус орчинд энэ удаагийн “Инвест Монголиа”, “Дисковер монголиа” чуулга уулзалтууд болж өнгөрлөө. “Инвест Монголиа- Улаанбаатар” нь 2016 оны зохион байгуулагдаж байгаа бол “Инвест Монголиа Токио” нь энэ оны арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Яг үнэндээ бол хөрөнгө оруулагчид шувууд шиг зэллэн оджээ. Эдийн засгийн чухал өгөөжтэй чуулга уулзалтад оролцогчдын тоо жилээс жилд буурсаар байна. Ялангуяа уул уурхайн салбарт оруулсан хөрөнгийнхөө шим шүүсийг авч амжаагүй байтал Монголын төр, засгийн шийдвэр өөрчлөгдөж байдаг нь хамгийн сөрөг сигнал болон дэлхий нийтэд хүрдэг. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ гацааж орхичихсон хэрнээ “Бид хойшид тэгэхгүй ээ. Бидэнд итгээч” гэж хэлэх нь ичгэвтэр хэрэг. Гэвч бид хэлсэн. Харин одоо хэлсэндээ хүрэх л үлдлээ.

                                                                                                  Эх сурвалж news.mn