Төгрөгийн хадгаламж, төгрөгийн харилцах 219 тэрбумаар буурлаа

2016-09-14 10:31:40

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны наймдугаар сарын эцэст 11.3 их наяд төг болж, өмнөх сарынхаас 56 тэрбум төг буюу 0.5 хувиар буурчээ. Гэхдээ өмнөх оны мөн үеийнхээс 1 их наяд 290 тэрбум төг буюу 12.9 хувиар өссөн байна.

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард өмнөх сарынхаас 56 тэрбум төгрөгөөр буурахад валютын харилцах, валютын хадгаламж, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө нийт 163 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Мөн төгрөгийн хадгаламж, төгрөгийн харилцах 219 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөллөө.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө наймдугаар сарын эцэст 817 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.9 тэрбум төг буюу 0.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 42.8 тэрбум төг буюу 5.5 хувиар өсчээ.

Нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж 2 их хаяд 442 тэрбум төгрөг боллоо. Энэ нь өмнөх сарынхаас 27 тэрбум төг буюу 1.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 388 тэрбум төг буюу 18.9 хувиар өсчээ.