ЭКСПОРТ 3.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР, ИМПОРТ 2.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖ БУУРАВ

2016-10-20 09:23:23

Монгол Улс 2016 оны эхний есөн сард дэлхийн 155 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.7 тэрбум ам.доллар болсон байна. Эхний гурван улиралд экспорт 3.3 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 5.9 хувиар, импорт 2.4 тэрбум ам.доллар болж буурчээ.2016 оны эхний гурван улиралд хийсэн Монгол Улсын экспорт, импорт буурсан нь эдийн засгийн идэвхжил суларсныг илтгэж байна. Экспорт буурахад зэсийн баяжмал, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүний худалдаа буурсан нь голчлон нөлөөлсөн бөгөөд ялангуяа зэсийн баяжмалын экспорт 441.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Харин нүүрсний экспорт 76.9 сая ам.доллараар өсчээ. Оны эхний есөн сард дизель түлшний импорт 126.5 сая ам.доллараар, автобензин 69 сая ам.доллараар буурсан нь импорт буурахад нөлөөлсөн байна. Импортын хувьд 53.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн эд анги бүрдүүлж байгаа аж. Тухайлбал, оны эхний есөн сард 28.8 мянган суудлын автомашин импортолсон бөгөөд энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 181 сая ам.доллар болж, жилийн өмнөхөөс 12.5 хувиар өссөн байна. Тоо ширхэг болон мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэхэд Японоос оруулж ирсэн импорт нэмэгдсэн болон иенийн ханш төгрөгийн эсрэг чангарсан нь голчлон нөлөөлжээ. Нийт импортын 33.5 хувийг БНХАУ-аас, 25.1 хувийг ОХУ-аас, 8.9 хувийг Японоос авсан байна. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Японоос Монголд нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөлт харагдаж байгаа юм. Үүнээс гадна гадаад худалдааны тэнцэл жилийн өмнөхөөс 200.7 сая ам.доллараар нэмэгдэж, 884.8 сая ам.доллар болсон байна.