Сentral counterparty гэж юу вэ?

2016-10-20 10:04:25

Хөрөнгийн зах зээлд арилжаа явагдаж байхад хэлцэл хийгч хоёр талын эрсдэлийг зохицуулах үүрэгтэй дундын бие даасан байгууллага ажилладаг бөгөөд уг байгууллагыг  ССР буюу Central counterparty гэдэг. Энэхүү байгууллага нь арилжаанд оролцогч талуудын эрх үүрэг, худалдах, худалдан авах үнэт цаас болон төлбөрийн дүнг тэнцүүлж, тохируулах, төлбөр тооцоонд нь заавар өгөх буюу төлбөр тооцооны төв хэлбэрээр ажилладаг.

    ССР  хөрөнгийн зах зээлд оролцсоноор үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламж, бүртгэлийн үйл ажиллагаа зарчмын дагуу явагдах үндэс суурь тавигддаг учраас IOSCO буюу Үнэт Цаасны Хороодын олон улсын байгууллагаас хөрөнгийн зах зээл хөгжиж буй орнуудад ССР-ийн зохицуулалтыг бий болгохыг зөвлөмж болгож байна.

   Монгол Улс 2003 онд ҮЦТТТХТ-ийг Монголын хөрөнгийн биржээс тусгаарлан 100 хувь төрийн өмчит хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулсан. Харин энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн төлбөр тооцооны болон төвлөрсөн хадгаламжийн гэсэн бие даасан хоёр байгууллага болгон  ажиллуулж байна. Ийнхүү өөрчлөн зохион байгуулснаар манай улсад ССР байгуулагдах суурь тавигдаж байгаа юм.

   Дундын бие даасан Central counterparty байгууллага нь хөрөнгийн зах зээлд оролцсоноор  үнэт цаасны зах зээл үр ашигтай, олон улсын жишигт нийцсэн байдлаар хөгжиж,  эрсдэлийг буурахад гол нөлөөг үзүүлдэг төдийгүй хадгаламж, бүртгэлийн үйл ажиллагаа сайжирч, найдвартай, аюулгүй байдал дээшилж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх давуу талтай юм.