Б.Aлтанцэцэг: “Иргэдэд ямар ч үед үнэн, бодитой мэдээлэл хүргэх ёстой. Ингэх үүрэг нь ч засгийн газар, бодлогын газруудад байдаг”

2016-10-24 11:33:12

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Та судлаачэдийн засагч хүний хувьд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?

- Эдийн засгийн байдлыг тааруухан байна гэж хэлэхээс өөр арга алга. Хэдхэн жилийн өмнө 17%-ийн өсөлттэй байсан эдийн засгийн өсөлт одоо 1% гаруйхан байгаа гэдэг нь өнөөгийн нөхцөл байдал хэр хүнд байгааг харуулж байна. Нөгөө талаар үнийн динамикийг харах юм бол сүүлийн сараас эхлээд бид инфляци биш дефляци гэдэг зүйлтэй нүүр тулаад эхэллээ. Дефляци гэдэг бол нийт эдийн засаг дахь үнийн түвшний бууралт юм. Тэгэхлээр зах зээл дээрх бараа бүтээгдэхүүнийн эрэлт буурч байгааг харуулж байна.

- Тэгвэл Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар эдийн засгийн бодит байдлыг хэтэрхий ил болгосон мэдэгдэл хийсэн гэж олонтаа шүүмжлүүлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

Миний хувьд бол хэлсэн нь зөв байсан л гэж бодож байгаа. Зөвхөн Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхийлөгч гээд Монгол улс дуусчихгүй шүү дээ. Харин тэр ажлыг хийж, баялгийг бүтээдэг ард түмний өдөр бүр гаргаж байгаа шийдвэрүүд эдийн засагт нөлөөлдөг. Тэдний шийдвэр бидэнд маш чухал.  Тэгэхээр иргэд үнэн, зөв мэдээлэлтэй үед л зөв шийдвэр гаргана. Байгаа зүйлийг байгаагаар нь л хэлэх хэрэгтэй. Би ч гэсэн эдийн засаг өнөөдөр ямар байдалтай байгааг үнэн зөвөөр мэдэж байж өөрийн бизнесээ тэлэх үү, хумих уу, ажилтан нэмэх үү хасах уу гээд бүхий л шийдвэрээ мэдээлэлд тулгуурлаж гаргана шүү дээ. Хувь хүний хувьд ч бас машинаа зээлээр авах уу, ипотекийн зээлд хамрагдах уу гэдэг шийдвэрүүд эдийн засаг нийт дүнгээрээ ямар байхыг тодорхойлж байдаг. Тэгэхээр энэ шийдвэр гаргагчдад буруу, худлаа мэдээлэл өгөөд байвал дор дороо хүмүүс буруу шийдвэр гаргаад эцэст нь эдийн засаг нийт дүнгээрээ буруу явах хор уршигтай.  Гэхдээ хэсэг хугацааны дараа хүн бүр тэр зүйл худлаа байсан гэдгийг мэднэ. Яг одоо мэдэх үү, сар, жилийн дараа юу гэдэг цаг хугацааны л асуудал. Тэгэхээр ямар ч үед иргэдэд үнэн, бодитой мэдээлэл хүрэх ёстой. Ийм мэдээллийг хүргэх үүрэг нь ч засгийн газар, бодлогын газруудад байдаг. Тиймээс өнөөдөр ийм мэдэгдэл хийж эдийн засгийг муутгалаа гэж шүүмжлэхийн оронд харин өмнө нь яагаад хэлээгүй юм бэ гэж асуух ёстой байх. Хэн нь худлаа яриад байсан юм гэдэг асуудлыг харин бид ярих ёстой. Муухай ч гэсэн үнэн мэдээлэл. Харин ч эдийн засаг ийм хүнд байдалд орохоосоо өмнө бидэнд мэдээлэх ёстой байсан. Жишээлбэл төсвийн алдагдлыг 20 хувьд хүрэхээс өмнө 5, 6, 7, 8 хувьд хүрээд байна шүү гэдэг мэдээллийг бид авч байх ёстой байсан. Тэгсэн бол ард иргэд маань ч бас эдгээр мэдээллүүдэд үндэслэн зөв шийдвэрүүдээ гаргаад эхэлнэ. Иймд тухайн үед мэдээлээгүй хүмүүсийн буруу байна л гэж бодож байна.  

- Хэдийгээр Монгол Улсын эдийн засгийн барометр яг хямрал ирчлээ гэж заагаагүй байгаа ч тун ойрхон дөхөж байгааг бодит байдал илэрхийлж байна. Бид богино хугацааны арга хэмжээ авахын тулд өмнө нь юун дээр алдсан бэ тэр алдаагаа хэрхэн засах вэ гэдгээ үнэлж цэгнэх ёстой юу?  

Эдийн засаг хүнд байдалд ороход 2 гол хүчин зүйл нөлөөлсөн гэж бодож байна. Нэг нь гадаад хүчин зүйл. Манай улсын хувьд уул уурхайн эрдэс баялагийн түүхий эдэд суурилсан хэдхэн экспортын бүтээгдэхүүнтэй шүү дээ. Гэтэл гол хэрэглэгч өмнөд хөршийн хэрэглээ эрс буурснаар түүхий эдийн ханш унаж, манайд байтугай  дэлхийд хүртэл таагүй нөлөөг нь мэдэрч байна. Гэвч манайд энэ бол гол асуудал биш юм. Дотоод хүчин зүйл эдийн засгийг ийм байдалд хүргэхэд голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Дотоод хүчин зүйл гэдгийг нэг үгээр “засаглал” гэж хэлмээр байна. Засаглалын чанар муу байна. Сүүлийн жилүүдэд төсвийн хариуцлагагүй, тогтворгүй байдал газар авсан. Эдийн засаг сайн үед төсвөө аль болох хумьж зарцуулалтаа танах бодлого баримтлах хэрэгтэй байсан. Үүнийг мөчлөг сөрсөн бодлого гэж ярьдаг. Гэтэл манайх эсэргээр  төсвийг улам их тэлдэг. Төсвийн орлого сайжрахын хэрээр зардлаа улам ихэсгэж, дээрээс нь нэмээд зээл авч эдийн засагт улам халалт үүсгэдэг. Нөгөө талаар эдийн засаг тааруу үед хүндрэлээс  сэргийлж төсвөө тэлж байх ёстой байтал бид эсрэгээрээ мөнгө байхгүй гээд төсвийг улам илүү хумьчихдаг. Тэгэхээр засаглалын хариуцлагагүй байдлын нэг том илрэл бол макро эдийн засагт явж байгаа төсвийн хариуцлагагүй байдал юм.  

- Эдийн засгийн хүнд үед төсөв мөнгөний бодлого хэрхэн уялдах ёстой вэ? Өнгөрсөн жилүүдэд төсөв, мөнгөний бодлого хоорондоо хэт хамааралтай явсан асуудал байгаа.

- Өнгөрсөн жилүүдэд хэтэрхий ойрхон явсан гэдэгтэй санал нэг байна. Яагаад гэвэл зөвхөн төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлээд явж байх ёстой байгууллага маш олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлээд нэг талаар засгийн газрын нэг агентлаг шиг ажилласан. Үүнийгээ уламжлалт бус мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн гэж тайлбарлаж байсан. Тухайн үед би үүнийг маш эрсдэлтэй алхам гэж харж байсан, одоо ч тэр бодол маань өөрчлөгдөөгүй. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд төр эдийн засагт маш их оролцлоо. Тэгээд одоо эдийн засаг ямар байдалд байна вэ? Нэг жишээ татахад л малчдын асуудал байна. Малчдаа дэмжье гээд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл малчид одоо гомдоллож байна. Хэзээ малын арьс үнэгүйдэж, ингэж хаягдаж байсан юм бэ, 500 төгрөгт ч хүрэхгүй байна гэж малчид асууж байна. Яасан? Монголдоо юм үйлдвэрлэе гээд л нөгөө төрийн бодлого орж ирсэн. Гэтэл малын арьсаа үнэгүйдүүлээд орхилоо. Монголдоо арьсаа өөрсдөө боловсруулья гэсэн төрийн бодлогын нөлөөгөөр хэдэн мянган, магадгүй хэдэн арван мянган малчдын нэг чухал орлого олдог бүтээгдэхүүн нь үнэгүйдээд байна. Тэгэхлээр хэнийг дэмжсэн бодлого хэдэн хүнд очоод ямар үр дагавар авчрав? Ингээд харахаар төрийн бодлого замбараагүй, маш их зардалтай, урьдаас тооцоолоогүй нь илэрхий байна. Нэн тэргүүнд төр энэ алдаануудаа засч зах зээлд оролцдогоо зогсоох хэрэгтэй. Харин үндсэн үүргээ л сайн биелүүлэх хэрэгтэй. Засгийн газрын үндсэн үүрэг бол иргэдийн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлж, хамгаалж, сахиулах явдал шүү дээ.  

Мөчлөг сөрөх бодлого нэгэнт үгүйлэгдэж байгаа энэ цаг үед төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлогоо хэрхэн зөв удирдаж авч явах ёстой гэж та үзэж байна вэ?

Хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал бол Төв банк  бие даасан байх ёстой. Яагаад гэвэл улсын хамгийн чухалхүнээр бол биеийн цусны урсгалыг нь хамгаалж, хадгалж авч явдаг байгууллага юм. Тийм ч учраас улс төрөөс хараат бус байх ёстой.  Харин засгийн газар гэдэг бол өөрөө улс төр.  Яагаад гэвэл тэд сонгуулиар сонгогддог. Харин Төв банк бол бие даасан статустай, засгаас аль болох тусгаар байх ёстой. Гэтэл бие даасан байдал нь хэр байна вэ гээд харахаар маш энгийн зүйлээр тодорхой болж байгаа. Энэ нь Төв банкны Ерөнхийлөгчдийн солигдож байгаа байдал юм. Хэзээ солигдоод байна вэ гэдгийг харах юм бол ер нь их илэрхий дүр зураг харагдаад байдаг. Сонгуулийн дараа л солигдоод байгаа.  Уул нь 6 жилээр томилогдох ёстой шүү дээ. Тэгэхлээр Төв банкны бие даасан байдал гэдэг санхүү, мөнгөний бодлогоо аль болох бие даасан, хараат бусаар авч явах асуудал юм. Монголбанк 2017 онд хэрэгжүүлэх төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөлдөө Төв банкны хараат бус байдлыг хангах зорилт тавьж эрх зүйн шинэчлэл хийхээр зорьж байгаа нь сайн хэрэг.  

- Бидэнтэй цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа. Та бүхэнд ч бас.