Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав

2016-11-28 11:29:18

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.11.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ж.Батзандан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Эцсийн хэлэлцүүлэгт Эдийн засгийн байнгын хорооноос “Багийн эмч болон хотын алслагдсан хороодын бүсийн эрүүл мэндийн төвийг унаагаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн санал оруулсан юм. Уг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь дэмжлээ.