Улсын нэгдсэн төсөв 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

2015-09-14 11:57:49

Улсын нэгдсэн төсөв 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

Монгол Улсын нэгдсэн төсөв наймдугаар сарын эцсийн гүйцэтгэлээр 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар Сангийн яамнаас мэдээллээ. Төсвийн алдагдал төлөвлөсөнтэй харьцуулахад бага байгаа боловч орлого тасарсан нь гүйцэтгэлд голлох

нөлөө үзүүлсэн байна. Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсөвт 3.5 их наяд төгрөгийн орлого төвлөрсөн ч төлөвлөсөнтэй харьцуулахад 679.2 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар дутуу биелсэнээр татварын орлого бүрдэлт хангалтгүй гүйцэтгэлтэй гарсанаас гадна онцгой албан татварын орлого ч төлөвлөснөөс 10 гаруй хувиар тасарчээ. Импортын барааны НӨАТ, газрын тосны орлого, өмч хувьчлалын орлого тасарсан нь гол нөлөө үзүүлсэн байна. Мөн төсвөөс 5.5 их наяд төгрөгийн зарлага гарахаар төлөвлөснөөс 4.3 их наяд төгрөгийн зарлага гарчээ. Зардлын санхүүжилт дутуу биелсэн нь дотоод эх үүсвэрээр санхүүжих хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардалтай холбоотой байна. Энэ оны эхний найман сарын хугацаанд улсын нэгдсэн төсвийн 1.5 гаруй их наяд төгрөгөөр бүтээн байгуулалт, дэд бүтэц, барилга угсралтын ажил хийхээр төлөвлөж байсан ч 713.5 тэрбум төгрөгийг нь санхүүжилт хийгджээ.

 

З.Энхболор

Холбоо барих: [email protected]

[email protected]