Татварын шинэ хуулийн процессын журмуудыг батлахгүй байх нь маш аюултай

2020-01-29 10:14:01
  • ТЕГ-ын дарга УИХ-аас илүү эрх мэдэл эдлэн хууль өөрчлөөд байна.
  • Уг нь өдийд процессын 43 журам хууль зүйн яамаар батлагдаад амьдрал дээр хэрэгжиж эхэлсэн байх ёстой ч Татварын ерөнхий газрын сайтад төсөл хэвээрээ л байна.

Татварын системийн шинэчлэлийн талаар бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа. Тэрбээр татварын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн ч процессын журмууд өдий болтол батлагдаагүй болохоор татварын системийн өөрчлөлтийн үр дүнг амсаж чадахгүй болчих вий хэмээн эмзэглэж буйгаа илэрхийлэв. 

-Өнгөрсөн онд нүүрс, зэсээс орлогоо голлон бүрдүүлнэ гэж төлөвлөж байсан. Нүүрсний борлуулалтыг 42 сая тонн гэж төсөөлсөн ч мөн л хүрэхгүй байх магадлалтай. Ямар зохицуулалт хийснээр энэ алдааг залруулах боломжтой вэ? 
-Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байж 42 сая тонн нүүрс борлуулна гэдэг хэцүү. Мөн алтны тухайд 30 хувийн алдагдалтай байгаа. Энэхүү алдагдлыг татварын системийн өөрчлөлт нөхөх байх гэсэн хүлээлттэй байна. Энэ сарын 1-нээс Татварын багц хууль өөрчлөгдсөн. Үүнийг дагаад 28 хуульд өөрчлөлт орж байгаа.

Уг нь өдийд процессын 43 журам Хууль зүйн яамаар батлагдаад амьдрал дээр хэрэгжиж эхэлсэн байх ёстой. Эхний сургалтууд явах ёстой байтал Татварын ерөнхий газрын сайтад төсөл хэвээрээ л байна. Өмнөх бүртгэлийн систем дуусаад энэ сарын 1-нээс шинэ систем эхэлж байгаа. Үүнд бэлтгэлгүй байгаа нь татварын системийн өөрчлөлтийн үр дүнг амсаж чадахгүй болчих вий гэж болгоомжлоход хүргэж байна. 

-Одоогоор бодит байдал дээр хэрэгжсэн журмууд алга. Энэ журам батлагдахгүй удсаар байтал дараагийн цикл рүүгээ орчих вий гэсэн болгоомжлол байна уу? 
-Энэ бол маш бүдүүлэг алдаа. Яагаад гэвэл энэ сарын 1-нээс татварын шинэ хууль хэрэгжээд эхэлчихсэн. Гэтэл процессын журмууд батлагдаагүй байна гэдэг нь аюултай. Би хэдэн төслийн журам харсан. Хуулиар орсон заалтыг журмаар өргөтгөх маягаар хүндрүүлдэг. Энэ асуудал иргэдтэй их ойрхон байна. Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын тухайд гадаадад их, дээд сургуульд сурч байгаа оюутан эхлээд хэлний сургалтад сууна. Гэтэл хэлний бэлтгэлд суусан жилийн төлбөрийг хасахгүй гэсэн.

ТЕГ-ын дарга УИХ-аас илүү эрх мэдэл эдлэн ийм заалт оруулсан байгаа юм. Ингэж болохгүй. Үүнээс гадна аж, ахуйн нэгжийн орлогын албан татварын нэлээд хэдэн үндсэн зарчим өөрчлөгдсөн байгаа. Өмнө нь НӨАТ-ын системийн үр дүнд сүүлийн гурван жилд бүх төрлийн татвар 20-25 хувиар давж биелсэн. Одоо татварын багц хуулийн дараагийн шинэчлэл бол ханалтын цэгийг өсгөх ёстой.

Татварын баазаа өргөтгөж, хялбаршуулснаар түүхий эдийн баялгаасаа алдаж байгаа орлогыг нөхөх бололцоо гарч ирэх юм. Сүүлийн хэдэн жил нийтийн санхүүг цуглуулдаг зүйлээ онолын механ измын хувьд сайжруулаад байна. Гэхдээ нийтийн мөнгөний дахин зарцуулалт улстөрчдийн эрхшээлд байсаар байна. Үүний жишээ бол тэтгэврийн зээлийн асуудал. Нийтийн мөнгийг цуглуулж, буцаагаад зарцуулахдаа хамгийн дээр байгаа улстөрчийн хүсэл зоригоор хуваарилалт хийвэл дахин алдах магадлалтай. 

-Зарим журам батлагдаагүйтэй холбоотой хүндрэл үүсэх эрсдэл байна уу? 
-Шинэ хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бүх зардлыг НӨАТ-ын баримт дээр суурилж хийнэ. Гэтэл өнөөдөр зарим нягтлан НӨАТ-ын бус баримт авсан. Энэ нь зургаан сарын дараа тайлан гаргахад хэрэггүй баримт болж таарна. Мөн татвар буцааж авах жижиг аж ахуйн нэгжүүдэд тавих үндсэн шаардлага бол НӨАТ-ын тоног төхөөрөмжтэй байх. Энэ нь байхгүй бол хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлж чадахгүй гэсэн үг. Энэ мэт техникийн шинж чанартай олон асуудал байна. 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ