Монгол Улсын эдийн засаг 2020 онд 1.9 хувиар агшиж, 2021 онд 4.7 хувиар өснө хэмээн үзлээ

2020-07-02 11:48:41

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны өнөөдөр танилцуулсан Монгол Улсын талаарх цогц дүн шинжилгээ бүхий шинэ тайланд дурдсанаар Монгол Улс нь 

 

 

  • макро эдийн засгийн менежментээ сайжруулах
  • хүний хөгжлийг бэхжүүлэх
  • олон улсын худалдааг өргөтгөх
  • уул уурхайн салбар болон бусад салбарт олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн эдийн засгаа төрөлжүүлэх 

гэсэн чиглэлүүдэд илүүтэй төвлөрснөөр тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийг цогцлоож чадна хэмээн онцолсон байна.

COVID-19 цар тахлын эрсдлээс сэргийлэх үүднээс Монгол Улс дотооддоо тодорхой хязгаарлалтын дэг журам тогтоосноос үүдэн, мөн дэлхийн эдийн засагт хүндрэл учирч байгаагаас шалтгаалан 2020 оны эхний улиралд Монгол Улсын ДНБ 10.7%-аар буурсан үзүүлэлттэй байна. Азийн Хөгжлийн Төлөв тайлангийн шинэчилсэн төсөөлөлд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2020 онд 1.9 хувиар агшиж, 2021 онд 4.7 хувийн өсөлттэй байх төсөөлөлтэй байгаа юм.

2000 оноос хойш Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3 дахин нэмэгдсэн ч сүүлийн жилүүдэд эдийн засагт сэргэлт, уналтын мөчлөгүүд ээлжилсэн нь эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Уг дүн шинжилгээний тайланд дурдсанаар Монгол Улсын макро эдийн засгийн бодлого нь эрдэс түүхий эдийн үнийн савлагаанд хэт эмзэг, мэдрэмтгий байдлыг хязгаарлахад чиглэх нь зүйтэй төдийгүй төсвийн бодлогыг тогтворжуулж гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хадгаламжийн тогтолцоог бий болгох зэрэг чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж дүгнэж байна.

Түүнчлэн, газар зүйн өвөрмөц онцлогийг харгалзан үзэж олон улсын худалдаа, урт хугацааны бүс нутгийн хамтын ажиллагаа болон интеграцчиллыг тэргүүлэх зэргийн зорилт болгох нь тохиромжтой болохыг уг цогц дүн шинжилгээ харууллаа. 

Эдгээр чиглэл нь олон улсын худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар улсын орлогыг нэмэгдүүлэх, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, улмаар эдийн засгаа төрөлжүүлэх тус улсын Засгийн газрын үндсэн зорилтын хэрэгжилтийг дэмжиж өгөх давуу талтай юм.

Мөн түүнчлэн уг цогц дүн шинжилгээ нь тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбаруудад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтөд илүү дөхөм болох юм хэмээн онцлон дүгнэсэн байна. Мөн COVID-19 цар тахал болон эдийн засгаа үйлчилгээний салбарт тулгуурлан хөгжүүлэхээр зорьж буй зэрэгт үндэслэн эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, боловсрол, ур чадварын хөгжлөөр дамжуулан хүний нөөцийн хөгжлийг дэмжихэд улсын бодлогыг чиглүүлэх нь чухал гэж үзсэн байна. 

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Монгол Улсын эдийн засагт сүүлийн 30 жилд томоохон эерэг өөрчлөлтүүд гарч байгаа бөгөөд ирээдүйд ч эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөлүүд бүрдсээр байна. Эдийн засгийн нөхцөл байдалд COVID-19 цар тахал зэрэг сөрөг хүчин зүйлс нөлөөлсөөр байгаа хэдий ч Монгол Улс урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг хөтлөх боломж, давуу талаар арвин орон юм. Энэхүү тайлан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц чухал бодлогын зөвлөмжүүдийг багтааснаараа онцлог юм” хэмээн тэмдэглэв.