ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 7.3 ХУВЬ БОЛЖ, 2.3 НЭГЖ ХУВИАР ӨСЧЭЭ

2015-09-28 12:02:05

Наймдугаар сарын эцсийн байдлаар банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ 7.3 хувь болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 нэгж хувиар өссөн гэж Монголын банкны холбооноос мэдээллээ. Харин татан буугдсан банкуудыг хасч тооцвол дээрх үзүүлэлт 5.3 хувьтай байгаа гэж чанаргүй зээлийн тайланд дурджээ. Тайлант сарын байдлаар банкны салбарын нийт зээл 11.8 их наяд төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар буурсан дүн болж байна. Зээл олголт хумигдаж байгаа нь эдийн засгийнидэвхжил буурч, хөрөнгө оруулалт татарсантай холбоотой гэж банкууд үзэж байгаа юм. Мөн улирлын нөлөөтэй зээлийн өрийн үлдэгдлийн мөчлөг энэ онд өөрчлөгдсөн нь эдийн засгийн таагүй дүр зураг илэрхийлж байгааг дурдаад уг мөчлөг ирэх он хүртэл үргэлжилнэ гэж таамагласан байна. Үүнээс гадна дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарч, мөнгөний нийлүүлэлт хэт их хийгдсэн нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгааг дурдаад, хөрөнгө оруулалт сэргэхгүй, төгрөгийн ханш суларсаар байгаа нь хувийн хэвшлийнхэнд нөлөөлж, зээл чанаргүйдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар тайланд дурджээ. 2009 онд банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ түүхэн дээд цэг болох 17.3 хувьд хүрсэн байдаг. Харин үүнээс хойш буурч байсан хандлага өнгөрсөн оноор дуусгавар болж, эргэн огцом өсч эхлээд байгаа юм. Наймдугаар сарын тайлангаар хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ мөн 50 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Ялангуяа уул уурхай, боловсруулах салбарт хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өндөр байгаа нь цаашид чанаргүй зээл рүү шилжих зээлийн чанар муудах магадлалтай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл, чанаргүй зээлийн хэмжээ оны эцэст есөн хувьд хүрч магадгүй гэж Монголын банкны холбооноос таамаглажээ.

                                   Эх сурвалж bloombergtv.mn     Б.Батманлай