“НИЙСЛЭЛИЙН АЛБАН ТАТВАР”-ЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2015-10-01 11:19:59

Нийслэлийн албан татвар”-ын тухай хууль өнөөдрөөс буюу аравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл нийслэл хотын 9 дүүрэгт амралтын газар, зочид буудал, баар, ресторан гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд нэг хувийн татвар ногдуулахаар заасан байна. 

Нийслэлийн татварыг НӨАТ-ын өмнөх үнээс тооцож, бараа үйлчилгээний үнэ дээр нэмж төлөх юм. Нийслэл хотын албан татвар иргэдийн онцгой хэрэглээнд тулгуурлаж байгаа учраас олон нийт, бизнесийхэнд дарамт болохгүй гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байна. Хуулийн хүрээнд баар, ресторан, амралтын газар, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, согтууруулах ундаа, тамхи жижиглэнгээр худалддаг 8500 орчим аж ахуйн нэгж хамрагдахаар байгаа аж. Татвар суутгагч эдгээр байгууллагууд иргэдийн төлсөн татварыг сар бүрийн 10-ны дотор хотод дамжуулан төлөх үүрэг хүлээх юм. Урьдчилсан байдлаар хотын албан татвараас нийслэлийн төсөвт 13 тэрбум гаруй төгрөг төвлөрөхөөр байгаа ажээ.Улаанбаатар хотын нийт худалдааны эргэлт 22 их наяд төгрөг бөгөөд үүнээс 1.3 хувь ньархи, тамхины худалдан авалт байдаг. Үүнийг аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулахад зарцуулах юм байна. Сүүлийн 10 гаруй жил яригдсан нийслэлийн татвартай болох асуудал ийнхүү ажил хэрэг болж эхэллээ.

Э.Нарантунгалаг