Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд АПУ, Таван толгой, Говь ХК байна

2015-09-07 13:54:49

Үнэт цаасны арилжааны сарын тойм мэдээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн сард нийт 21 удаа арилжаа хийжээ.

  • 58 компанийн 293,111 ширхэг хувьцааг 153,3 сая төгрөгөөр,
  • Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 400.0 мянган ширхэг үнэт цаасыг 40.0 тэрбум төгрөгөөр,
  • Хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,042 ширхэг үнэт цаасыг 105.0 сая төгрөгөөр арилжиж, нийт 40.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Хувьцааны арилжаа
Арилжааны үнийн дүнгээр “Бүтээлч үйлс ХК” /33.8 сая төгрөг/, “Могойн гол ХК” /27,0 сая төгрөг/, “Таван толгой ХК” /11.4 сая төгрөг/, “Говь ХК” /11.3 сая төгрөг/“ Мерекс ХК” /8.1 сая төгрөг/ зэрэг ХК-ийн үнэт цааснууд идэвхтэй арилжигджээ.

Засгийн газрын үнэт цаасны арилжаа

Өнгөрсөн сард Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 4 удаа явуулжээ. 12, 28, 52 долоо хоногийн нийт 400.0 мянган ширхэг үнэт цаасыг 40 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,042 ширхэг үнэт цаасыг 105.0 сая төгрөгөөр арилжжээ.

Үнэт цаасны ханш
Нийт 58 үнэт цаас арилжсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 18 үнэт цаасны ханш өсч, 27 үнэт цаасны ханш буурч, 13 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

MSE ALL индекс 950.93 нэгж байгаа нь өмнөх сарын эцсээс 9.0 нэгжээр буюу 2.58 хувиар буурсан. MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 967.60 нэгж, доод үзүүлэлт нь 951.35 нэгж, дундаж үзүүлэлт 936.55 нэгж байлаа.

Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Говь, Бэрх уул, Шивээ овоо, Багануур, Шарын гол, УБ-БҮК, Монгол секюритис, Сүү, БиДиСек, Монголын цахилгаан холбоо зэрэг компаниуд орлоо.

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 262.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 4.83 хувиар буурсан байна.

gogo.mn