ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 9 САРД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 220 КОМПАНИ ШИНЭЭР БҮРТГҮҮЛЖЭЭ

2015-11-02 11:29:22

Энэ оны эхний 9 сард гадаадын хөрөнгө оруулалттай 220 компани шинээр бүртгэгдсэн байна. Зөвхөн есдүгээр сард л гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай 21 компани бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл сард дунджаар гадаадын хөрөнгө оруулалттай 10-30 компани бүртгэгдэж байгаа аж. Зүүн өмнөд Ази, Зүүн Европын орнуудаас ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Монгол Улсад үйлдвэрээ байгуулж, бусад  

улсад бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой компаниуд цөөнгүй байгааг Хөрөнгө Оруулалтын Газраас онцолж байна. Тухайлбал Вьетнамын хөрөнгө оруулалттай нэгэн компани Монгол Улсад таван сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нохойн хошууны үйлдвэрийн шугам байгуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар ажиллаж байгаа юм байна. Хэдийгээр валютын орох урсгал саарсан ч гадаадын хөрөнгө оруулалт дан ганц уул уурхай гэлтгүйгээр төрөлжих хандлагатай байгааг Хөрөнгө Оруулалтын Газраас онцлов. Үүнээс гадна энэ он гарсаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас 20 компани татан буугдаж, бүртгэлээс хасагджээ. Тухайлбал “Бугатын болд төмөр интернэйшнл”, “Global Eastern Minerals Research”, “Modern House”, “Росжемитн” зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын нэрсийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас зарлаад байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд санхүүгийн тайлангаа зургаа болон түүнээс дээш улирал дараалан гаргаагүй аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасахаар заасан байдаг. Энэ он гарсаар 766 хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдсан байна. Харин шинээр байгуулагдсан компанийн тоо 7500-аар хэмжигдэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд 10 компани шинээр бүртгүүлж байхад нэг компани татан буугддаг болохыг статистик мэдээллээс харж болохоор байна.

Э.Нарантунгалаг