Банкууд зээлдэгчдээс нэг хувийн шимтгэл авах нь зөв гэж шүүх үзжээ

2015-11-10 10:16:08

ШӨХТГ 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус хэмээн үзэн шүүхэд хандсан. Нэг жил гаруй үргэлжилж буй энэ асуудлын талаар ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл өгсөн.  

Т.Аюурсайхан дарга хурлын эхэнд аравдугаар сарын 26-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болж улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Хоёр шатны шүүхээр нэг хувийн шимтгэл хууль бус гэдгийг тогтоож, улсын байцаагчийн шийдвэрийг хуулийн дагуу гарсан.

Тийм ч учраас банкуудын нэхэмжилж гаргасан шаардлагыг хүчингүй болгосон. Гэтэл Улсын дээд шүүхээс хэргийг Анхан шатны шүүх руу буцааж улмаар банкуудын талд шийдвэрлэсэн тул бид өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгч байна гэв.

ШҮҮГЧ: НЭГ ХУВИЙН ШИМТГЭЛ АВСНААР ХЭН ХОХИРСОН БЭ, ХОХИРСОН ХҮН БИЙ ЮУ
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “Анхан шатны шүүхээс нэг хэрэг дээр хоёр өөр шийдвэр гаргаж байгааг бид харлаа. Нэг талыг барихгүй, ашиг сонирхлын зөрчилгүй олон нийтийн эрх ашиг харж шүүх шийдвэр гаргаагүй гэдэгт бидэнд тодорхой эргэлзээ бий. 

Нэг хувийн шимтгэл өрсөлдөөнийг яаж хязгаарласан бэ, үүний улмаас хэн хохирсон бэ, хохирсон хүн бий юу гэдэг асуулт шүүгч нарын зүгээс тавьсан. Гэтэл өнөөдөр зээлгүй хүн Монголд ховор байна. Төрийн албан хаагчид, ахмадууд тэтгэвэрийн зээлтэй, бизнес эрхлэгч гээд олон хохирогч бий гэв.

ДЭЭД ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ДАРГАЛАГЧ НЬ ХХБ-НЫ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ГАЗРЫН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮН БАЙСАН
Шүүгч нарын өндөр цалингийн талаар хэвлэл мэдээллээр хангалттай гарч байна. Шүүгчдийн өндөр цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, ХАОАТ төлдөг бусад татвар хураамж төлдөг хувийн хэвшил, төрийн албан хаагчид, ахмадууд, бизнес эрхлэгчид бүрдүүлж байгааг бүгд мэдэж байгаа.

Ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзэж байна. Дээд шатны шүүх хуралдаан болоход даргалагч нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан хүн байсан гэж олж мэдсэн.

Ашиг сонирхлын зөрчилтэй хүн байна хэмээн хуралдаан даргалагчийг солиход ХХБ-наас Дээд шүүхийн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Дээд шүүхийн хуралдаан хойшилсны дараа хэргийг Анхан шатанд буцаасан. Гэтэл Анхан шат өмнөхөөсөө өөр шийдвэр гаргасан" гэдгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэллээ.

ШҮҮГЧ НАР 25,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ

ШӨХТГ-аас АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж байна. Анхан шатны шүүх хуралд оролцсон шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэйг тогтоолгохыг хүсч байна. Нэр бүхий шүүгч нар арилжааны банкнаас зээлтэй эсэх, зээл авсан бол хөнгөлөлттэй эсэх, жирийн ард иргэдэд тавьдаг нөхцөлөөс илүү хөнгөлөлт эдлэж байгаа эсэх, эргэн төлж байгаа эсэх зэргийг шалгаж  тодруулахыг хүссэн.

Яагаад ингэж хүсэлт гаргаж байгаа нь бас учиртай. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нар 25,5 тэрбум төгрөгийн зээлтэй. 485 шүүгчийн 430 шүүгч 1-3 төрлийн зээлтэй. Хамгийн дээд талдаа 200 сая төгрөгөөс дээш зээлтэй.

Хараат бус шүүгчдийн талаар бус өр зээлэндээ баригдсан шүүгч нарын асуудал толгой гашилгаж байгаа гэдэн мэдээлэл хийсэн. Тийм учраас нэр бүхий шүүгч нарын өр зээлийн харилцааг тодруулахгүйгээр банкуудтай холбоотой энэ хэрэг ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бусаар шийдэгдсэн гэж үзэх боломжгүй байна гэдгийг Т.Аюурсайхан дарга хэллээ.

ЕРӨНХИЙ САЙД, ШАДАР САЙДАД ШӨХТГ-ИЙН ШАЛГАЛТЫГ ЗОГСООХ ХҮСЭЛТ ИЛГЭЭЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Монголын банкуудын холбооноос арилжааны банкуудад хийж буй шалгалтыг зогсоож өгөхийг албан тоотыг явуулсан байсан. Монгол банкны зүгээс арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий субьект.

Банкны үйл ажиллагаа доголдолтой, өрсөлдөөний болон хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөнийг илрүүлээд байхад Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал арилжааны банкуудад арга хэмжээ авахыг оронд Ерөнхий сайд болон Монгол Улсын Шадар сайд нарт албан бичиг явуулсан байсан. Албан бичигтээ "ШӨХТГ банкуудад шалгалт хийх эрхгүй тул зохих арга хэмжээ авч өгнө үү" гэж бичсэн байсан гэдгийг ШӨХТГ-ын дарга бас онцолсон юм.

Тэрбээр хурлын төгсгөлд "хямралтай үед барилгаа нурааж илүү өндөр цамхаг барьдаг байгууллага банкнаас өөр алга. Арилжааны банкууд иргэд, бизнес эрхлэгчдээ бодох цаг болсон. Арилжааны есөн банктай давж заалдах болно. Шүүх дээр хүч тэнцвэргүй тэмцэл өрнөж байна. Есөн банкны хуульч өмгөөлөгч оролцож байна. Монгол Улсын шилдэг гэж үнэлэгддэг хууль, өмгөөлөгч нар ШӨХТГ-тай ард иргэд, бизнес эрхлэгчдийн төлөө давж заалдахад хамтарч ажиллаач гэж урьж байна" гэв.